
Нобель гэж хэн байв аа. Түүний тухай янз бүрээр л бичдэг. Түүнийг ах дүү нартайгаа таарч тохирдоггүй, бусадтай нийцэрхүү биш, ааш муутай зожиг, хэдэн цагаар ч хамаагүй ганцаараа юм бодоод суучихдаг хүн байсан гэдэг. Тэрээр мөн хүүхнүүдэд таалагддаггүй байжээ. Харин түүнд зохион бүтээх их авьяас л заяасан юм. Усан доорх тэсрэх бөмбөгийг анх зохиосон Эммануель Нобелийн олон хөвгүүд дундаас Альфред ганцаараа эрин зууныг дамжин мөнхрөх жамтай байжээ.
Эцэг нь хүүдээ физик болон химийн хамгийн шилдэг багш нарыг хөлслөн хичээл заалгадаг байжээ. Харин ээж нь түүний этгээд занд санаа зовон бусдаас өөр ийм хүн манай гэр бүлд яагаад бий болов гэж бухимдан үглэдэг байлаа. Гэхдээ түүний онцгой хичээл зүтгэл багш нарынх нь гайхлыг төрүүлдэг байлаа. Альфред Европын шилдэг эрдэмтэдтэй уулзан мэргэжил боловсролоо дээшлүүлсний үр дүнд богино хугацаанд чадварлаг химич болсон юм. Тэр дарь орлуулагчийг олох талаар нухацтай судалгаа хийж эхлэв. Энэ нь түүний баяжихын үндсийг тавьсан гэдэг. Дарь бол үнэтэйгээс гадна тохиромж муутай, бас амархан нордог. Тийм болохоор дарийг орлох бодисыг нээсэн хүн эрин зуунд алдаршаад зогсохгүй сая саяар тоологдох орлоготой болох боломж байлаа. Иймээс тэр эцэгтэйгээ нитроглицөрин гэдэг бодисыг ашиглах талаар ярилцжээ. Туршилт…Хүхрийн хүчил болон азотын хүчлийн хольцыг халаатал хуруу сав дэлбэрчээ. Дараа нь Асканио Собреро гэгч итали эр үүнээс санаа аван уг хольцонд бага зэрэг глицерин нэмээд үүссэн бодисыг нитроглицерин гэж нэрлэсэн боловч түүнийгээ хаанаа яаж ашиглахаа мэдэхгүй байжээ. Гайхалтай нь энэ нь тэдний яриад л байсан дарь орлуулагч байсан юм. Харин Собреро уг бодисыг зүрхний өвчтэй хүнд аяга усанд хоёр дуслаар хийж уулгахаас өөр арга олсонгүй. Тэвчээртэй Альфред энэ бодисыг олон зүйл дээр туршин үзээд чухам юунд хамгийн их хэрэгтэй болохыг нээж олжээ. Ийнхүү Собрерог биш, гагцхүү Альфредийн шинээр гаргаж авсан нитроглицериний ид шидийн талаар дэлхий даяар шуугиж байлаа. Ингээд түүний нитроглицериний үйлдвэр хаа сайгүй нээгдэж Альфред дэлхийн зах зээлийг эзлэн авахаар шаргуу ажиллаж эхэлжээ. Гэвч энэ бодисын шинж чанар нь бүрэн судлагдаагүй, үйлдвэрлэх технологи нь бүрэн баталгаажаагүй, аюулгүй ажиллагааны хувьд эрсдэлтэй гэдгийг Альфред хэн нэгэнд хэлээгүй ч дотроо маш их шаналж байлаа.1864 онд Стокгольм хотыг хүчтэй дэлбэрэлт доргиов. Ах дүү Нобелийн шинэ фабрикт илгээхээр бэлтгэсэн 100 кг нитроглицерин дэлбэрч байшин барилга нуран, бүх ажилчдыг нуранги доор булшилжээ. Шведийн сонин хэвлэлд “тэнд цогцос байхгүй, харин хүний яс, махны овоо л байв” хэмээн бичиж байлаа. Альфред өөрөө нүүрэндээ хөнгөн шарх олсон боловч бага дүү Эмиль нь ажилчидтай хамт амь үрэгджээ. Аавдаа энэ мэдээг дуулгахад эцэг нь хэдэн минут таг дуугүй гөлөрч байснаа ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаа мэт толгойгоо эргүүлэнгүүтээ хөсөр унаж, түүнээс хойш саа өвчинд нэрвэгдэн найман жил хэвтэрт байж байгаад өөд болсон гэдэг. Ингээд нитроглицериний үйлдвэрлэлийг зогсооход хүрсэн байна. Гэхдээ Альфред дахиад л лабораторид сууж туршилтыг тэвчээртэй хийсний үр дүнд хуурай, шатдаггүй, зөвхөн тодорхой нөхцөлд дэлбэрдэг шинэ бодис динамитийг бий болгожээ. Ингэснээр түүний ажил үйлс нь дахин цэцэглэж, бүр “динамитийн хаан” хэмээн нэрлэгдэх болов. Ингээд тэрээр Парист шилжин ирж өндөр үнэтэй харш худалдан авчээ. Ингэснээр түүнийг томоохон язгууртнуудын хүлээн авалтанд албан ёсоор уридаг болжээ. Гэхдээ түүнийг тодорхой хүрээнээс бусад газар сайн мэддэггүй байлаа. Альфред лабораторид богино хугацаагаар эрчимтэй ажилласны эцэст каучукан дугуйтай унадаг дугуйны хамгийн анхныхыг зохиожээ. Мөн удалгүй байлдааны пуужин зохиогчийн эрхийг авч, хиймэл торго бүтээх жорыг хүртэл гаргав. Тэрбээр дэлхий дахинд алдаршив. Гэвч түүний хувийн амьдрал аж жаргалгүй байв. Бага залуудаа дурлаж явсан бүсгүй нь өөр хүний эхнэр болжээ. Түүнээс хэзээ хойно нэгэн цэцгийн дэлгүүрийн худалдагч хүүхэнд сэтгэлтэй болж гэрлэсэн байна. Гэтэл түүний эхнэр 20-хон настай Софи бүсгүй эд мөнгөнд толгой нь мансуурч зугаа цэнгэл хөөж явсаар эцэст нь өөр хүнээс хүүхэдтэй болсноор тэдний 18 жилийн хамтын амьдрал сүйрсэн байна.
Нобелийн шагналТэр явдлаас хойш Альфред хоёр жилийн турш нойр хоолгүй явсаар санаа сэтгэлийн гүн зовлонд автан хэдэн үнэнч зарц нарынхаа хараа хяналтан доор асруулж байгаад 1896 оны 12-р сарын 10-нд насан эцэслэжээ. Түүний гэрээслэлийг гүйцээсэн нотариатч хамгийн эцсийн хүсэлтийг нь нийтэд сонордуулсангүй. Альфред өөрийг нь нас барсны дараа венийн судсаа огтлохыг захисан юмсанж. Учир нь тэр өөрийгөө летаргия буюу үхсэн мэт унтдаг өвчин туссан байж магадгүй хэмээн болгоомжилж амьдаараа оршуулагдахаас айжээ. Гэхдээ “динамитийн хаан” хэмээн дэлхийд алдаршсан Нобель гэрээслэл үлдээсэн. “Миний бүх хөрөнгө, хогшлыг минь миний итгэмжлэгдсэн хүмүүс бэлэн мөнгө хөрөнгө болгох ёстой. Ингэж цугласан хөрөнгө нь банкинд найдвартай хадгалагдана. Мөнгө хөрөнгө шинжлэх ухаан, уран зохиолын болон энх тайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулсан хүмүүст шагнал болгон олгох тусгай сангийн эзэмшил болно”гэж захижээ.
Тэр гэрээслэлдээ таван салбарыг зааж нэрлээд харин математикийг дурссангүй. Учир нь тэр Данийн усан онгоцны үйлдвэрийн эзний үзэсгэлэнт Анна охинд ухаангүй дурлаж байжээ. Гэвч Анна бүсгүй залуухан, царайлаг, математикч Франц Лемаржийг сонгосон гэдэг. Мөн Лемарж Альфредийг олны өмнө математикийн ямар ч авьяасгүй нэгэн хэмээн доромжилжээ. Үүнээс болон математикийн салбарт амжилт гаргасан хүн энэ заалтанд ороогүй байна. Сангийн нэрэмжит шагналыг “динамитийн хаан” Альфред Нобелийн гэрээслэлээ үлдээсэн өдөр олгодог уламжлал тогтжээ. Уг шагналыг Нобелийн хөргийг товойлгон сийлсэн дүрстэй алтан медаль, диплом, мөнгө дагалддаг. Мөнгөн шагналын хэмжээ нь фондоос хамааран 30-70 мянган долларт байдаг ажээ.

Responses
2 Respones to "АЛЬФРЕД НОБЕЛЬ"
их гоё юмаа баярлла
September 29, 2010 at 3:04 PM
ooh zgeree oort chini ch bas bayarlalaa
September 29, 2010 at 3:58 PM
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula