Ус гэж юу вэ?




Нийт цэнгэг усны нөөцийг 100 литр гэж төсөөлөн бодвол 0.003 литр буюу цайны халбаганы тал нь дэлхийн маань цэвэр усны нөөц байдаг ба үүнээс 30 хувийг нь газрын доорх ус эзэлдэг байна. Тэгвэл Монгол орныхоо усны нөөцийг энэ хэмжээтэй харьцуулан дүгнэвэл шиврэн орох борооны ганцхан дуслыг сая хуваасны хэдхэн хэсэгтэй дүйцнэ. Иймээс монголчууд энэ ховор, ариун байгалийн нөөцийг хайрлаж, хамгаалж, “ Чандмань эрдэнэ” хэмээн дээдэлж, үеэс үед ёс жаяг, зан үйлээрээ чандлан сахиж ирсэн нь усны үнэ цэнийг юу юунаас илүү чухалчилж ирсний гэрч билээ.

“Ус амьдралыг тэтгэгч” “Ус чандмань эрдэнэ” гэж манай монголчууд дээдлэн, сүслэн явдаг хэдийч газрын тос, алт, мөнгө, зэс зэрэг байгалийн баялагаас олон арван, мянга дахин бага үнэтэй усны нөөцийн ашиглалт нь төр, засгийн зохицуулалт бага, хараа хяналт сул, “Хар ус хайран биш” гэсэн нийгмийн сэтгэл зүй үйлчилж байгаагийн зэрэгцээ иргэдийн экологийн боловсрол сул, байгаль цаг уурын нөхцөл хүнд, цэвэр усны нөөц хомсдолтой нутаг дэвсгэрийн хувьд усны нөөц нь жигд бус хуваарьлагдсан зэрэг олон шалтгаанаас усны бодлого, төлөвлөлт бол манай төр засгийн зүгээс анхаарах гол зорилт, төрийн бодлогийн амин чухал асуудал байх ёстой юм. Хамгийн үнэтэй хэрнээ хамгийн үнэ цэнэгүй зүйл үнэндээ ус л байдаг .

Хүн хоолгүй хорь хонож чаддаг хирнээ усгүй хоёр хоноход л хэцүүддэг амьтан . Нийгэм хурдацтай хөгжих тусам цэвэр усны хэрэглээ байнга өсч , усны асуудал ганц манайд ч биш дэлхийн нийтийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна.

Манай улсын ундны усны хэрэглээ дэлхийн дунджаас бараг 4 дахин доогуур гэсэн судалгаа бий. Хот суурингийн гэр хорооллын нэг иргэнд хоногт 7-10 орчим литр ус ноогдож байхад хөдөөд түүнээс хэд дахин бага ноогдож байна. Хүн ам өсөн нэмэгдэж, үйлдвэр хөгжиж хотжилт ихсэхийн хэрээр цэвэр усны хэрэгцээ хангамж жилээс жилд өсөж байна.

Нийгмийн хүрээ өргөжин тэлж эдийн засаг хөгжихийн хирээр ус хэрэглээ байнга өснө.

Гэтэл усны нөөц байнга нөхөн сэргээдэх авч тодорхой хязгаартай. Иймээс голын сав газрын экосистемийн тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад усны нөөцийг зүй зохистой ашиглах, бохирдолоос хамгаалах асуудал туйлын чухал юм. Улаанбаатар хотын тогтвортой хөгжил нь нийслэлийг ундаалж буй Туул гол түүний сав газрын байгалийн байдлаас ихээхэн шалтгаална. Туул голын сав газар дахь хүн амын суурьшил, аж ахуйн төвлөрөл сүүлийн гучаад жилд эрчимжиж усыг мөн тэр хэмжээгээр ашиглах, хүрээлэн байгаа орчинд аж ахуйн үйл ажиллагааны үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдсэнээс, усны горим алдагдах, нөөц нь хомсдох, бохирдох зэрэг сөрөг үзэгдэл ажиглагдах боллоо.
I'm reading: Ус гэж юу вэ?Цааш нь жиргэх!


 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors