Өвлийн Өвгөн, Санта Клаус Хоёрын 10 Ялгаа




Санта Клаус гэж хэн бэ?

Шинэ жилийн босгон дээр гацуур мод, сүлд модны наадам, өвлийн өвгөн, цасан охид, гэрлэн чимэглэл, бэлэг дурсгал, Санта Клаус зэрэг үгс өдөр бүр та бидний сонорыг мялаадаг.

Сүүлийн арав гаруй жил бэлэгтэй уут үүрсэн, улаан нөмрөг, цагаан сахалтай Санта Клаус хэмээх өвгөнийг монгол хүүхдүүд сайн мэдэх болсон билээ. Ер нь шинэ жилийн баярыг түүнгүйгээр төсөөлөхөд хэцүү болжээ.

Цаа буга хөлөглөн, айл айлын яндангаар орж, хүүхдүүдийн оймсонд хүссэн бэлгийг нь хийдэг Сейнт Николас буюу гэгээн Николас одоогийн Туркийн нутагт амьдарч байсан гэдэг.
Хөх түүхийн цагаан домогт өгүүлснээр гурван охинтой нэгэн эр амьдран суудаг байжээ. Тэрбээр охидоо хадамд гаргах инжгүйдээ ихэд гунин гутардаг байж л дээ. Инжгүй охидыг эхнэр болгож авах эр нэг ч үгүй. Тийм хүнд хэцүү цагт гэгээн Николас ухаан сийлж, гэрийнх нь гадаа гурван хүүдий дүүрэн мөнгө тавьсны ачаар инжгүй гурван охин инжтэй болцгоож, даруй гэрлэсэн аж. Дээрх домгоос улбаалан бэлэг түгээдэг өвгөнийг Санта Клаус гэлцэх болжээ.
өрнөдийн үндэстнүүд гэгээн Николасыг янз янзаар нэрлэдэг. Тухайлбал Англид Христ эцэг, Францад Пьер ноён. Сэйнт /Saint/ буюу гэгээн гэдэг үгийг даниар Sinter Klaas гэж дууддагаас Санта Клаус хэмээх нэр үүссэнийг өрнө дахины эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг юм. Даниуд Америк тивд анх ирэхдээ хөлөг онгоц дээрээ гэгээн Николасын дүрийг зурсан байсан аж. Ингэснээр Санта Клаус Америк тивд зочилж, олон газрын цагаач иргэдийн сэтгэлд нийтлэг бэлгэдэл дүр болж, хэдэн зууныг өнгөрүүлсэн байна. Түүнийг 1800 он хүртэл өрнөдийнхөн цагаан морь унасан, хамба ламын жанч нөмөрсөн өндөр сүрлэг эрээр дүрслэн төсөөлдөг байж.
Харин Кларк гэгч ирланд яруу найрагч нэгэн шүлэгтээ бавайсан сахалтай, манжин улаан хамартай, од мэт анивчсан нүдтэй, ардын үлгэрч адил хөгжилтэй эрээр Санта Клаусыг анх дүрсэлснээр газар газрын хүний сэтгэлд элдэв хувилбаргүйгээр хоногшин үлджээ.

Өвлийн өвгөн аавын үүссэн түүх

Монголчууд шинэ жилийн баярыг тэмдэглэн ирсээр багагүй хугацаа өнгөрчээ. Шинэ жил гэхээр л хүүхэд багачуудад хамгийн түрүүнд өвлийн өвгөн аав бэлгээ өгөх юм шиг санадаг. Тэгвэл өвлийн өвгөн аав гэж чухамдаа хэн юм бэ?

Ер нь эртний ном судраас үзвэл хүмүүс эхлээд өвлийн өвгөнд бэлэг өгдөг байсан аж. Эртний славянчууд өлмөн зэлмэн, ядуу тарчиг амьдрал нь өвөг дээдэс, бурхан шүтээн, лус савдагтаа өргөл барьц өргөөгүйгээс болдог гэж үздэг байжээ. Тиймээс тэд лус савдгаа номхотгон, аргадахын тулд өвлийн улиралд мал адгуусны арьсаар аймшигт мануухай босгон түүндээ өргөл барьц өргөдөг болсон байна.

Хүмүүс лус савдгийг янз бүрийн аймшигт дүрсээр дүрсэлдэг байсан ч хамгийн аймшигтай мануухайг өвгөн хэмээн нэрлэдэг байжээ. Өвгөн савдагийн зан авир нь ширүүн, заримдаа хатуу хэдий ч сайхан сэтгэлтэй. Сайн хүмүүнийг ямагт ивээлдээ багтаадаг бол харин муухай сэтгэлтэй хүнийг шидэт амьсгалаараа үлээгээд л хөлдөөдөг гэж эртний славянчууд үзэн иржээ. Цаг хугацаа, он жилүүд өнгөрөх тусам өвгөн савдгийн нэр аажимдаа өөрчлөгдсөөр Трескун өвгөн, улаан хамарт өвгөн, цагаан өвгөн хэмээн нэрлэгдэх болсон аж. Ингээд л та бидний сайн мэдэх өвлийн өвгөн үүссэн түүхтэй.

Өвлийн өвгөн, өрнөдийн Санта Клаус хоёр хүмүүжил сайтай хүүхдүүдэд бэлэг тараавч өөр хоорондоо ялгаатай.

1. Өндөр

Өвлийн өвгөн өндөр

Санта Клаус намхан

2. Жин
Өвлийн өвгөн бие бялдар сайтай бол
Санта Клаус тагдгар

3. Малгай
Өвлийн өвгөн Боярын малгайтай бол
Санта Клаус Зангисгаатай шовгор малгайтай

4. Дээл
Өвлийн өвгөн Газар шүргэм урт нэхий дээлтэй /улаан, цэнхэр буюу цагаан
өнгийн/ бүстэй бол
Санта Клаус Богино хүрэмтэй /зөвхөн улаан өнгөтэй/ савхин бүстэй

5. Сахал
Өвлийн өвгөн Шулуун, урт сахалтай бол
Санта Клаусынх Тайрмал, богино, бужгар

6. Таяг
Өвлийн өвгөн Дугуй бариултай буюу таван хошуу бүхий шулуун таягтай бол
Санта Клаус Үзүүр нь махир таягтай

7. Гутал
Өвлийн өвгөн эсгий гуталтай бол
Санта Клаус Урт түрүүтэй гутал өмсдөг

8. Хаагуур ирдэг
Өвлийн өвгөн үүдээр орж ирдэг бол
Санта Клаус зуухны яндангаар бууж ирдэг

9. Хөсөг
Өвлийн өвгөн гурвалсан морьдтой бол
Санта Клаус Буга хөллөн ирдэг

10. Бэлэг
Өвлийн өвгөн гацуур дор нуудаг бол
Санта Клаус зуухан дээр өлгөсөн оймсонд нуудаг
I'm reading: Өвлийн Өвгөн, Санта Клаус Хоёрын 10 ЯлгааЦааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Өвлийн Өвгөн, Санта Клаус Хоёрын 10 Ялгаа"

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors