
Өнөөг хүртэл үг, өгүүлбэр бүрээс нь цөхрөл, шаналал, уй гашуу мэдрэгддэг түүх байдаг. Германы пуужинд өртөж сүйрсэн “SS Persia” хөлгөөс цөөн хүн амьд үлдсэн гэдэг. Тэдний нэг болох
Лорд Монтаг 1916 онд Малтад эмчлүүлж байхдаа гэрийнхэндээ
“Би түүний гараас тавих ёсгүй
байсан” хэмээн бичжээ. Түүнийг өвчинтэйгөө тэмцэж байх үед хамт явсан туслах, амраг хайрт Элинор Торнтон нь аврагдаж чадалгүй өөд болсон аж.“Аав минь сүйрсэн онгоцонд Торнтой хамт явсан юм” хэмээн өдгөө 81 настай Лорд Монтагийн хүү хуучилжээ. Тэрбээр аавынхаа Элинор нэртэй нохойг нь тэжээдэг байсан гэнэ. “Тэдний хайр агуу байсан. Лорд хүнд шархтай гэртээ ирсэн ч, аль хэдийнэ үгүй болсон Торныг бүхий л газраар хайж, ирнэ хэмээн найдсаар л байсан.” Мэдээж тэр ирээгүй. Хэдийгээр язгууртан болон Элинор Торнтон нарын харилцаа ийнхүү дууссан боловч халуун хайр нь бөхөлгүй үүрд үлдсэн юм.
Энэ нь Роллс Ройсын бэлгэ тэмдэг болсон “Жаргалын сахиус” нэртэй нисч буй хатагтайд биеллээ олон амилсан аж. Өдгөө дэлхийн мянга мянган машины хамар дээр чанар, шилдгийг илэрхийлдэг уг дүрс бол Торны баримал аж. Энэ тухай Лорд Аттенбороу “Мөнгөн сүнс” нэртэй түүхэн кино хийхээр бэлдэж байна. Монтагийн өнгөрсөн амьдралыг аль хэдийнэ уучилсан эхнэр Лэди Сисил нь эл түүхийг мэддэг цорын ганц хүн биш. Тиймээс л үүнийг зөвхөн гайхалтай хайрын түүх гэдгээс гадна алдарт Роллс Ройсын эмблем гэдгээр нь олонд хүргэх аж. Элинор, Монтаг нар хүүхэдтэй болсон ч ганц бие эх ажлаасаа халагдахад хүрсэн учир охиноо хүнд үрчлүүлэн Монтагийнханд хүчин зүтгэсэн гэдэг.
Австрали аав, испани ээжтэй Элинор Веласко Торнтон 1880 онд Стокуэллд төржээ. Тэр 16 насандаа сургуулиа орхиж Автомашины клубт ажилд орсон гэдэг. Тэнд ажиллаж байхдаа Жон Скотт Монтаг зэрэг бүхий л машин зохион бүтээгчидтэй танилцсан байна.
Монтаг бол Оксфорд, Итоны их сургуулийг дүүргэсэн, аялал жуулчлал, тээврийн хэрэгслийн хорхойтон. Тэрбээр Лэди Сисилтэй гэрлэж, нэг охинтой болоод байхдаа хатагтай Торнтонтой танилцаж тэр дороо л сэтгэл алдарчээ. Энэ тухайгаа тэрбээр “Би түүнд анхны харцаар дурласан. Түүнтэй гэрлэж чадахгүй учир сэтгэлээ барих хэрэгтэй гэх бодолдоо л захирагддаг байлаа. Гэтэл удалгүй тэр надад татагдаж, миний сэтгэлд итгэсэн юм” хэмээн хожим нь дурссан байдаг.
1902 оноос 22 настай Элинор Монтагийн туслахаар Британийн анхны машины тухай “Car Illustrated” нэртэй сэтгүүлд ажиллаж эхэлжээ. Үүнийгээ Монтаг “Бид бие биедээ улам илүү татагдах болж айж эмээхээ ч болиод байсан юм” хэмээн тайлбарлажээ. Энэ бол хэзээ ч бөхөхгүй дурлалын гал байсан юм.
1905 онд Монтагийн аав нас барахад Жон Скотт Бийлиугийн хоёр дахь барон Монтаг хэмээн өргөмжлөгдөж, Лордуудын байрнаас нүүжээ. Улмаар Монтаг “Роллс Ройс”-ыг эзэмшин, зураач барималч Чарльз Сайксын хамт хатагтай Торнтоныд очдог байж. Эндээс л “Жаргалын сахиус” барималын санаа төрж, Торн эх дүр нь болсон байна.
Угтаа Монтаг “Роллс Ройс”-ын захиралтай нь найз байсан бөгөөд тэд байгууллагынхаа эмблемийг хамтран зохион бүтээхээр шийджээ. Тиймээс Чарьлз Сайкст загварыг нь гаргах санал тавьснаар хатагтай Торнтоныг эх дүрээ болгосон “Жаргалын сахиус”-ыг 1911 онд анх ашигласан түүхтэй. Удалгүй Лэди Сисил нөхрийнхөө нууц харилцааг гадарлах болж, 1915 онд Монтагийг Энэтхэгийн засгийн газарт Механик тээврийн хэрэгслийн зөвлөгчөөр явах үед нь баримттай мэдэв. Харин энэ үед хатагтай Торнтон Монтаг нар “SS Persia” хөлөгтэй замд гараад байлаа.
Гарахаасаа өмнөхөн хатагтай Торнтон “Лорд Монтагт хэлэлгүйгээр энэ бүхнийг зохицуулсан нь дээр биз ээ. Порт Сайд руу явах зөвшөөрөл олгохыг танаас хүсэх гэсэн юм. Үүнээс хойш танд хэрэгтэй цагт тань Лорд Монтаг халамжлах тул сэтгэл амар байгаарай” хэмээн Лэди Сисилд захидал бичжээ. Энэ бүхэнд Лэди Сисил тун тайван хандаж, сэтгэл татам Элинор Торнтоныг сонгосон нь өөр хэн нэгэн бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсноос хамаагүй дээр гэж үзсэн гэдэг.
Монтаг Торнтон нар “SS Persia” хөлөг дээр хамт байх сүүлийн өдрүүдээ өнгөрөөж байснаа мэдсэнгүй. Тэд 1915 оны зул сарын баярын өдөр Марселлаас хөдөлж тав хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 30-нд сууж явсан хөлөг нь Германы “U” хөлгийн шумбагч пуужинд өртсөн байна. Пуужин хөлгийн уурын тогоог оносон тул тэр дороо л хэлтийж, далайн хүйтэн усанд автахад Монтаг, Элинор нар захаасаа цуурч эхэлсэн тавцан дээр байжээ. Тэд аврах завь хайх гэсэн боловч ямар ч цаг байсангүй. Элинорыг гараасаа атгаж байсан Монтаг ганцхан хормын дотор түүнийг ус руу алджээ. Хэдхэн минутын дотор живсэн хөлгийн хамт Монтаг ч тэнгисийн усанд унасан байна. Азаар аврах хантааз өмссөн түүнийг дэлбэрэлт усны гадарга руу түлхэж амийг нь аварчээ. “Хүмүүсийн амьд үлдэхээр тэмцэх аймшигтай байдлыг харсан. Тэр үед ойролцоо явсан бүх хөлөг рүү довтолсон юм билээ. Хөлгийг живж, байдал намжихад би гурван европ хүний хамт хөвж явсан хөлгийн хэлтэрхий дээр авиран гарсан юм. Бид 19-үүлээ байснаас дараа өдөр нь 11 нь л амьд үлдсэн” хэмээн тэрбээр хожим нь дурссан байдаг. Тэд 32 цагийн турш хоол хүнс, усгүй далайд хөвсөний эцэст “Ningchow” хэмээх хөлөгтэй таарч аврагдсан.
Монтаг Малтад эмчлүүлснийхээ дараа гэртээ иртэл өөрийнх нь төлөө эмгэнэж буйгаа илэрхийлсэн Лорд Нортклиффийн зурвас “Times” сонинд нийтлэгдсэн байсан гэдэг. Тэр бүтэн жилийн турш өөрийнх нь муугаас болж далайн усанд унасан Торныг амьд үлдсэн болов уу хэмээн горьдож хайсаар байж. Түүгээр барахгүй Бийлиу нутгийн сүмд өөрт нь 15 жилийн турш үнэнч зүтгэж, амийг нь аварсан Элинор Веласко Торнтонд зориулсан хөшөө босгосон байна.
Энэ бүхний дараа Лэди Сисил 1919 онд нас барж, Монтаг дараа жил нь өмнөд Францад танилцсан Пирл Крэйк хэмээх бүсгүйтэй гэрлэж, Эдвард хэмээх хүүтэй болжээ. Эдвард аавынхаа тухай “Аав минь 1929 онд буюу намайг хоёр настай байхад өөд болсон. Хожим нь би Элинор болон түүний охины тухай мэдсэн ч удаан хугацааны турш түүний хаа байгаа, хэн болохыг мэддэггүй байсан. Харин дараа нь эгч Элизабет минь Дийвон руу нүүж тэндээс эгчийгээ олсон юм” хэмээжээ.
Түүнийг Жоан гэдэг бөгөөд тэрбээр 1903 онд буюу Монтаг Торнтон нарыг танилцаад удаагүй байхад мэндэлжээ. Сонирхолтой нь Элинор охинтойгоо холбоо тогтоож, аавтай нь уулзуулсан байна. Тиймээс Монтаг ээжийг нь нас барсны дараа “Миний уулзаж байсан эмэгтэйчүүдээс ээж чинь хамгийн сэтгэл татам сайхан нь” гэсэн захидал бичиж байжээ. Жоан яг л ээжийгээ дууриасан нямбай охин байсан тул аавынхаа оршуулах ёслолд ч оролцсон гэдэг. Гэхдээ түүний оролцсоныг хэн ч анзаараагүй. Хатагтай Торнтон болон Лорд Монтаг нарын хайр бүтэн зууны дараа түүх болон тэднийг уулзуулж, хайрын бэлгэ тэмдэг нь өнөөгийн бүх Роллс Ройс хамар дээр үлдэж байна.
Эх сурвалж: www.mongolnews.mn
Төрөл:
LOVE
Цааш нь жиргэх!

Previous Article


Responses
0 Respones to "Зовлон жаргал буюу Роллс Ройсын хайрын түүх"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula