Манай гарагийн хүн төрөлхтөн солгой гартай, баруун гартай хоёр бүлэг хүнд тэнцвэргүй хуваагджээ. Солгой гартнууд хүн төрөлхтний 3-10 хувь болдог. Залуучуудын дотор тийм хүн олон, хэжээл насанд цөөн. 20 настны дотор 13 хувь, 80 настны дотор нэг хувь хүрэхгүй.
Солгой гартай болсон шалтгааны тухай олон онол, домог бий, гэхдээ жинхэнэ хариулт нь одоо хүртэл олдоогүй байна.
Эртний Ромд солгой хүнийг «гамшиг», эртний германчууд тэднийг «чадваргүй» улс гэдэг байв. Харин дундад зууны сүм хийдийнхэн солгой гартай байхыг ид шидтэй байхын лавтай шинж тэмдэг гэж үзэж, католик шашны эрүү шүүлтээр тэднийг шатаах нь элбэг байв. Орос улсад солгой хүнийг шүүхэд мэдүүлэг өгөхийг хориглож, солгой хүнийг чөтгөр хэмээн үздэг байлаа.
Энэтхэгт одоо болтол дагадаг «гарын» уламжлал бий. Баруун гар «цэвэр» үүрэг (хоол хүлээж авах, гар барих гэх мэт) биелүүлэхэд «тохирно», харин зүүн гар нь хувийн ариун цэврийн зорилготой. Хоол юмуу бэлгийг зүүн гараар өгдөггүй заншил үүнээс үүджээ. Тийм тохиолдолд зөвхөн баруун гарыг ашиглана. Эсвэл хоёр гар хамт байвал зүүн гар нь баруун гарынхаа дор байх ёстой.
Баруун гартай хүний «зөв» болохыг хэлэнд ч тэмдэглэдэг. Жишээ нь, орос хэлэнд «правый» гэдэг үгтэй нэг язгууртай үг нь «правда», «право», «справедливый», «правильный» гэсэн үг байдаг бол герман хэлэнд recht (баруун), richtig (зөв) гэсэн нэг язгууртай үг бий.
Франц хэлэнд droit үгийг «зөв», «баруун» гэхэд ашиглана. Right гэдэг англи үг бас хоёр утгатай, ингэхдээ left-handed үгийг зөвхөн «солгой гартай» гэх төдийгүй, «будлиу» буюу «чин сэтгэлийн биш» гэж орчуулна. Харин mancino («солгой», «зүүн») гэдэг итали үг ерөөс «шудрага бус», «итгэл эвдсэн» гэсэн утгатай. Эдгээр үг, өөр өөр хэлэн дэх утгынх нь түүх маш эртнийх. Гэлээ ч гэсэн солгой хүнээс айж балмагддаг хүмүүс бий. Тэднийг синистрофоби гэдэг.
Солгой гартнууд будлиу байдаг нь ерөөс дэлхий тэдэнд зориулагдаагүйтэй холбоотой. Хайч, гэрэл зургийн аппарат, компьютерээс аваад оёдлын машин, автомат, метронд орох хашилт хүртэл олон зүйл баруун гартай хүмүүст зориулагджээ.
Солгой гартай хүн баруун гартай хүнээс илүү үйлдвэрлэлийн осолд өртдөг нь гайхалтай бус. 1991 онд солгой гартай маш олон хүн байсан. Түүнээс гадна солгой гартай хүний хувьд тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчин их тохиолддог, учир нь багаж, тоног төхөөрөмжийг баруун гараараа сайн ажилладаг хүмүүст зориулан бүтээдэг юм гэж Би-би-си-гээс иш татаж medportal.ru цахим сонинд мэдээлжээ.
Гэхдээ солгой хүнд өөрийн гэх давуу тал бий. «Баруун гартай» дэлхийд арга буюу зохицсон солгой гартнууд шаардлагын хэрээр хоёр гараа хөгжүүлж байхад баруун гартан нэг л гараараа ажилладаг. Чухамхүү иймээс солгой олон хүн давуу талтай, спортын зарим төрөлд их амжилт гаргадаг. Солгой гартай теннисчин, туялзуур жадтан, боксчин, бөхчүүдтэй тэмцэлдэхэд эвгүй тул тэдэнд дуртай биш.
Одоо солгой гартны генийн мөн чанарыг идэвхтэй судалж байна. Энэ нь статистикийн баримтаар нотлогдож буй. Баруун гартай эцэг эхээс солгой хүүхэд төрөх магадлал 9 хувьтай байдаг. Хэрэв эцэг эхийн нэг нь солгой бол солгой хүүхэд төрөх магадлал 19 хувь, хэрэв хоёулаа солгой бол 26 хувь хүртэл нэмэгддэг.
Солгой гартныг дахин сургахыг газар сайгүй зогсоосонтой холбог-дуулж дэлхийд сүүлийн хэдэн арван жилд солгой гартны хувийн жин 3-4 дахин нэмэгдэв. Солгой гартай хүүхдүүдийг дахин сургах гэлгүй, харин баруун гартны орчинд хэвийн аж төрөх бүх нөхцөл бүрдүүлдэг АНУ, Франц, Англи, Герман зэрэг олон орны туршлага энэ хүүхдүүдэд гамтай хандах нь тэдний цаашдын хөгжил, нийгэмд амжилт олоход таатай нөлөөлдгийг харууллаа.
Зарим төрлийн ажилд солгой гартнууд давуу талтай. Жишээ нь, хөгжим тоглох, бокс, теннис, туялзуур жадаар тоглоход давуу байдаг. Бокс тоглоход солгой тамирчны баруун талын зогсолт баруун гартантай тулахад мэдэгдэм давуу талтай. Солгой гартнууд тархиныхаа хоёр тал бөмбөлгийг илүү үр бүтээлтэй ашигладаг, иймээс тэд хурдан ажилладаг. Энэ нь тэдэнд, жишээлэхэд хөл бөмбөгт давуу тал олгодог. Тэд заримдаа аль ч хөлөөрөө адилхан амжилттай тоглож чадна. Учир нь хоёр гарын адил хоёр хөл нь тархины эсрэг тэсрэг тал бөмбөлгийн хяналтад байдаг юм. Олон оронд солгой гартай хүмүүст зориулсан тусгай дэлгүүр байдаг. Тэндээс хутга, хайч, спортын хэрэглэл, оёдлын машин, хөргөгч, гэрэл зургийн аппарат, солгой гартай хүнд зориулсан гартай компьютер худалдаж авч болно. Солгой гартнуудад зориулан тусгай хөгжмийн зэмсэг, жишээлэхэд гитар бүтээдэг. Бүр солгой хүнд зориулсан чекний тусгай дэвтэр байдаг. Үйлдвэрүүдэд- солгой гартай хүнд зориулсан суурь машин бий.
Дэлхийг «баруун гартнуудад» зохицуулсныг эсэргүүцэж 1984 онд наймдугаар сарын 13-ныг Солгой гартны олон улсын өдөр болгожээ.
Солгой гартай алдартнууд гэвэл Цезарь, Наполеон, Македоны Александр, Аугаа их Карл, Черчилль, Жанна д’ Арк, Бисмарк, Фидель Кастро нар байна. Америкийн Ерөнхийлөгч нараас Билл Клинтон, том Жорж Буш, Жеральд Форд солгой байв. Леонардо да Винчи, Микеланжело, Роден, Пикассо, Рубенс, Дюрер, Андерсен, Паганини, Моцарт, Кафка, Нишце, Рахманинов, Аристотель, Уэллс. Чарли Чаплин, Альберт Эйнштейн, Исаак Ньютон нар солгой байжээ.
Оросын Ерөнхийлөгч асан, одоо Ерөнхий сайдаар ажиллаж буй Владимир Путиныг бугуйн цагаа баруун гартаа зүүдгээс нь болж солгой гэцгээдэг. Гэвч Путин өөрөө үүнийг үгүйсгэж, баруун гартаа цагаа зүүдэг нь зүгээр л дассаных гэжээ.
Төрөл: Мэдээ мэдээлэл Цааш нь жиргэх!