Хувьцааны тvvх




Хувьцаа хэмээх хөрөнгө эзэмшиж буйг нотлох үнэт цаас өнөөгийн санхүүгийн ертөнцөд өөрийн эзлэх байр сууриа нэгэнт олж, өдөр тутам хэрэглэгддэг, дасал болсон энгийн зүйл болжээ. Гэхдээ өнөөгийн энэ хэлбэржилтээ олохын тулд ямар зам туулсан болохыг нь тун товч байдлаар эргэн нэг харья.

Хувьцааны үүсэл. Эртний Ромын эзэнт улсад гаалийнхан, уурхайчид өөрсдийн ашгаа санхүүгийн пүүсүүдэд хэдэн жилийн хугацаатай зээлдүүлдэг байжээ. Уг санхүүгийн пүүсүүд нь хэд хэдэн баячуудын хөрөнгөө нэгтгэсэн "хоршоолол" маягаар ажиллах ба уг зээлийн хугацаа дуусмагц тардаг байсан тул өнөөгийн хувьцаат компаниудтай харьцуулах аргагүй. Гэвч хувьцааны анхны бүдүүлэг хэлбэр төлөвшин тогтжээ гэж үзэж болохоор. Гол нь хувьцааг хувьцаа болгодог бирж гээч зүйл үгүйлэгдэж байсан биз ээ.

12-р зууны үеийн арилжаа, солилцооны биржүүд. 1100 оны үед Италийн хойд хэсэгт олон жижиг хот улсууд бие даан хөгжих болжээ. Yүнийг даган банкны систем ч бүрэлдэн бий болов. 1111 онд Lucca хэмээх язгууртны бүгд найрамдах улсын Ст-Мартины сүмд анхны арилжааны бирж явагджээ. Тодорхой болзсон цагт олон арван худалдаач, арилжаач, зуучлагч, маклер цугладаг байв. 1407 онд анхны хувьцаат компаниархуу пүүс байгуулагдсан нь "Сан Жеоржеогийн Банк" хэмээх жижиг банк байв. Төрд төлөх төлбөрөө санхүүжүүлэх зорилгоор облигаци гарган худалдаж байжээ.

Байнгийн ажиллагаатай биржүүд. Эхний байнгийн ажиллагаатай бирж 1409 онд Брюгге-д байгуулагдаж, Итали гаралтай худалдаачдын наймаа хийдэг нэг гол газар болжээ. Удалгүй Европын орнуудад олон тооны биржүүд байгуулагдаж эхлэв. Тухайлбал Германд Нюрнберг (1540), Франкфурт (1585), Аугсбург, Лейпциг гэх мэт. Голчлон Вексел болон бусад төлбөрийн бичгүүд арилжаалагдаж байв. Удалгүй Антверпен болон Амстердамд олон улсын чанартай том биржүүд нээгдэж хүчээ авчээ.

Бирж хэмээх нэрний утга. Энэ нэр нь 16-р зуунд Брюггед ноёрхож байсан худаалдаачны гэр бүл болох Үan der Beurse тэй холбоотой. Ван дер Бюрзе нь ихэвчлэн вексел (өрийн бичиг) ээр наймаа хийдэг байв. Векселүүдээ Бурза хэмээх савхин түрийвчинд хийж багцалж зардаг байжээ. Цагийн явцад Бюрзе болон Бурза 2 нь нэгдэж Бирж хэмээх үг үүссэн бололтой. (Германаар Бөрзе гэж дуудаг)

Амстердамын чинжүүний худалдаачид буюу хувьцааг санаачлагчид. Холландын ялангуяа Амстердамын халуун ногооны худалдаачид өнөөгийн хувьцаа үүсэх эхлэлийг тавьжээ гэж үздэг. Тэд 16-р зууны сүүл үед л гэхэд 70 орчим усан онгоцыг Индонези руу аялуулж, чинжүү тээвэрлүүлэн авчруулдаг байв. Халуун ногооны наймаа нь нэн ашигтайд тооцогдох тул олон ч пүүсүүд энэ зах зээлд татагдан орж өрсөлддөг байж. 1602 онд уг зах зээл дээрхи томчуул нь нэгдэж, өрсөлдөөнийг нэлэнхүйд нь атгахын тулд "Нэгдсэн Зүүн Энэтхэгийн Худалдааны-Компание" гэгчийг байгуулжээ. Анх удаа чинээлэг худалдаачид, хотын захиргаа, муж улсууд хувь нийлүүлэх эсвэл хөрөнгө оруулах замаар нэгдсэн пүүс байгуулсан нь энэ аж.

Уг пүүсэд оруулсан хөрөнгийн хувиа "ХУВЬЦАА" хэмээн нэрлэсэн ба гол нь үүнийгээ бусдад зарж болдог байв. Ингэж хувьцаа болон хувьцаат компани үүсчээ. Удалгүй (1613 онд) Английн "Зүүн Энэтхэг" пүүс хувьцаат компани болсноор түүхэн дэх 2 дахь хувьцаат компани гараагаа эхэлжээ. Англи, Холланд 2 худалдаа болон цэрэг дайны салбарт өрсөлдөж улмаар Англичууд давамгайлж эхэлснээр дэлхийн анхны хувьцаат компани болох Холландын "Нэгдсэн Зүүн Энэтхэгийн Худалдааны-Компание" 1799 онд дампуурчээ.

Герман дахь хөгжил буюу төрийн оролцоо. Германы хувьцааны хөгжил Холланд, Английн адил чөлөөт зах зээлийн замаар явсангүй. Ихэвчлэн төрөөс, дээрээс зохион байгуулах, удирдан чиглүүлэх маягаар хөгжжээ. Жишээ нь хамгийн анхны хувьцаат компанийг 1682 оны 3 сарын 17 нд хааны тушаалаар байгуулж байв. Банкууд иргэдийн хуримтлалыг төвлөрүүлж байгаад, ашигтай худалдааны пүүсүүдэд хөрөнгө оруулж хувьцааг нь худалдаж авдаг байв. Эдгээр том банкууд нь үнэт цаасны зах зээлийг санхүүжүүлэх гол эх үүсвэр болж байв. Жижиг мужууд өрийн бичиг гаргаж, том том зам гүүр барьж байгуулах мөнгө олж авдаг байв. Удалгүй Европын том худалдаачид, төр засгууд ч энэ зах зээлд татагдан оржээ. Хамгийн алдартай жишээ нь Оросууд Москвагаас Владивосток болон Харбин хүрсэн "Транс Сибирийн төмөр зам" -аа барихдаа Герман, Француудын санхүүжилтийг ашиглаж байжээ.

Хувьцааны эрх зүй, Хувьцаат компаны тухай хууль, журам. 1843 онд Хойд Германы Пруссчууд хувьцаат компани байгуулах эрх зүйн мөрдлөгийг боловсруулжээ. Гэхдээ л 19-р зууны эх үе хүртэл нийт Герман даяар мөрдөгдөх нийтлэг хууль, журам байсангүй. Ямар ч байсан Хувьцаат компани байгуулахын тулд нилээн олон шаардлага биелүүлэх, дээр нь хаанаас тусгай зөвшөөрөл авдаг болов. Мөн банкууд хувьцаат компани болохоор бол бүүр ч хатуу нарийн шалгуурыг давах ёстой болжээ. 1850 иад оноос шинэ хууль мөрдөж эхэлснээр хувьцаат компаний тоо нэн хурдтай өсөв. 1870 онд хойд Германы холбоо нэгдсэн хууль гарган мөрдөх болов. Ийнхүү 1902 он хүртэл хувьцааны эрх зүй тасралтгүй хөгжиж, эрх зүйн нэгэн бие даасан салбар болжээ.

Хувьцааны хөгжлийн оргил үе ба уналт. Германууд 1870 аад оноос хувьцааны эрх зүйг зохицуулсан нийтлэг хуулийг мөрдөх болсноор үнэт цаасны зах зээл үлэмж хурдтай өсчээ. Жижиг пүүсүүд олноор бий болж, хувьцаа гаргаж санхүүжилтээ олж авдаг байв. Мөн төмөр замын хувь нийлүүлсэн том пүүсүүд бий болсноор Германы дэд бүтцийн түүхэнд үндсэн эргэлт гаргажээ. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх үед үнэт цаасны зах зээл цэцэглэн хөгжиж байлаа. Гэвч I дайны үеээр ихэнхи биржүүд хаагдсан байна. Дайны дараа үнэт цаасны зах зээл үл итгэсэн, хэт хаширласан уур амьсгалд бүрэн автсан байв. Хуулийн шинэчлэлүүд шат дараалан явагдаж, зах зээлийг илүү либералчилах, тухайлбал эмэгтэй хүн биржэд наймаалж болох тухай заалтууд батлагджээ.
Гэсэн ч Германы болон бусад төв Европын хөрөнгийн биржүүд дэлхийд ноёрхох байдлаа нэгэнт алдсан байлаа.

Wall-Street 1929 он. Дэлхийг өөрчилсөн их уналт. Европ болон Ази даяар өвөр хоорондын хямрал, элдэв дайн тулаан өрнөж байсан 1920 иод онд Америкууд дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол төв болон хөгжих үндэс сууриа тавьж эхэлжээ. Yйлдвэрлэлийн үр ашгийг тасралтгүй өсгөж байсны ачаар эдийн засгийн өсөлтөөрөө урьд өмнө үзэгдээгүй асар их амжилтанд хүрсэн байна. Эхний баячуул нь хөрөнгөө улам их арвижуулахын тулд бирж дээр тоглож эхлэв. Европд үнэт цаасны зах зээл нь санхүүжилтийн эх үүсвэр гэдэг талаараа илүү хөгжсөн байхад, Америкт аз, эз, тоглоом, риск, эрсдэл гэсэн тал нь илүү тодорч байв. Хүн бүр л үнэ өсөх байх гэсэн хүлээлтэнд автаж, банкнаас зээл аваад ч хамаагүй хувьцаа худалдаж авч байв.

"Хэн хүнгүй аваад байхад би яаж хоцрох вэ" гэсэн хандлагаар бусад нь ч татагдан орж хувьцаа хайж эхэлснээр хувьцааны үнэ зохиомлоор өсөж эхэлжээ. Эдийн засагчид анхааруулсаар байтал, хэн ч тэднийг тоосонгүй. Хүмүүсийн нүдэн дээр хувьцаа ховордож, үнэ нь өсч байлаа. Энэ үед ямар ч үнээр хамаагүй хувьцаа л олж авч чадвал хэсэг хугацааны дараа хэд дахин илүү үнээр буцааж зарна гэсэн тооцоо хүн бүрт байсан нь эргэлзээгүй.

Алтан үеийн төгсгөл. 1929 оны 10 сарын 24 нд хувьцааны үнийн индекс огцом уналаа. Өнөө их ашиг олохоор зэхэж байсан хүмүүс гэнэт сандралд орж хувьцаагаа яаралтай зарж, бэлэн мөнгө болгож авахыг яаравчлав. Ердөө энэ нэг өдөрт л гэхэд дор хаяж 13 сая хувьцаа арилжаалагджээ. 1929 онд Доу-Жонес индекс 400 байсан бол 1932 онд ердөө 40 болж унажээ. Дахиж сэхэхийн тулд даруй 25 жил шаардагдсан байна.
I'm reading: Хувьцааны тvvхЦааш нь жиргэх!


Responses

2 Respones to "Хувьцааны тvvх"

Ari said...

Tanin medehuin holbootoi iim medeelluudiig togtmol tavij baihiig husehiin yldamd Hutluuduu talarhaj baigaa ilerhiiley. Good luck!


April 24, 2010 at 11:41 PM
test said...

Ari: bayarlalaa tand. neree minii ner HOTUL shdee.


April 25, 2010 at 9:12 PM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors