Мянган жил дарсан дурлалын дарсанд би согтжээ
Магад үнэн худлыг ялгахаан больтолоо дурлажээ
Маргааш эсвэл нөгөөдрийн алинд нь ч би дурласаар
Мянган жил болсон ч зөвхөн чамд л дурласан хэвээр
Нүд болоод сэтгэл минь уусан дарсандаа сохорчээ
Намрын өдрүүд хэдэнтээ улирсныг ч анзаарсангүй ээ
Нөмгөн гунигт хааяахан автаад чиний хойноос энэлж
Нөгөөх л дурлалын дарсандаа согтсон хэвээр
Чиний төлөө гэх сэтгэлд минь мянган жил ч багадах
Чамд дурлаж чамайг хайрлахад хэдэн мянган жил ч өдөр мэт
Чиний төлөө асгаруулсан нулимс минь далай адил
Чиний эзгүйд тарчилсан минь мянган жилээс ч ихээ
Хаврын зэвэргэн салхи энгэр нэвт үлээж
Хахирган үг цээжинд хадан гомдол нэхэж
Харуусал гуниг зүрхэнд харвах тэр агшинд
Хамаг сэтгэл минь чамайг л хайрласан хэвээр
Гомдож цөхөрсөн сэтгэл минь зоригоон чангалах гээд
Дурлалын дарснаас дахиад л өөртөө хундаглалаа
Гомдлын манан хоромхон агшинд цэлмэж
Дахиад л би чамд шинээр дурлажээ
Мянган жил уйлж дуулж дурлахад бэлэн сэтгэлээ
Чиний өмнө задгайлж эцэс төгсгөлгүй цорын ганц дурлалдаа
Мянган жилийн турш автаж он цагийг мартан
Чиний төлөө дурлалын хундаг тулгасаар сууна…
Төрөл: Шүлэг Цааш нь жиргэх!
Responses
0 Respones to "Мянган жилийн дурлал"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula