Дэлхийд ганцхан Жанжны талбай




Монголын хотуудад эртнээс уламжлалтай өвөрмөц талбайнууд байсан бөгөөд "Чөлөө", "Их чөлөө", "Өргөн чөлөө", “Гол чөлөө" гэх мэтээр нэрлэдэг байжээ. Нийслэл хүрээнд Богдын шар ордны өмнөх их чөлөө, Зүүн хүрээний өмнөх Гол чөлөө энэхүү Их чөлөө, Гол чөлөө хоёрыг холбосон Зүүн хүрээний урд үүд-Вангай өргөн чөлөө, Сэцэн тойны өргөн чөлөө, Сангийн өргөн чөлөөд нь жирийн гудамжийг бодвол урьдаас төлөвлөсөн тодорхой зориулалттай өргөн цэлгэр гудамжууд бөгөөд ийм дөрвөн үүдтэй байдаг нь язгуурын олон хүрээ, Монгол, Түрэг овог аймгуудын үеэс уламжлалтай олон мянган жилийн түүхтэй зүйл юм.

Богдын шар ордны өмнөх Их чөлөө нь Зүүн хүрээ 30 аймгаар хүрээлэгдсэн, Богд Жавзандамба хутагт баяр ёслолын үед өргөн олон Монголчуудад сунтгийн адис тавьж, өглөг, хишгээ хайрладаг, Хүрээний их цам харайж, хүчит бөхийн барилдаан болдог гадуураа шөргөн хашаатай тусгай зориулалт бүхий талбай байв. Энэ талбай анхдугаар Богдын Шар орд буй болсон Хутагтын өргөө Их хүрээ болж өргөжсөн бүх түүхийн туршид байж, Хүрээтэй цуг нүүж, буухдаа ч энэ л зохион байгуулалтаа алддаггүй байжээ. Оросын эрдэмтэн А.Позднеев 1892 онд Их Хүрээгээр дайрсан замын тэмдэглэлдээ "Богд гэгээний ордноос урагш Хүрээний төвд өргөн талбай байна" гэж бичсэн нь энэ талбайг хэлж буй хэрэг юм.
Энэхүү Их чөлөө гэдэг талбайд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол улс Манж дайчин гүрний захиргаанаас гарч тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин, төрийг хослуулан барьсан, хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөх их ёслол болсон ба 1920 оны өвлийн дунд сарын 2-ны өглөө энэхүү Их чөлөө гэдэг талбайд буюу Голын ногоон ордноос Голын хүрд хүртэл Монгол цэрэг, Их чөлөөний зүүн зах дахь Сангийн яамны хашаанаас Богдын Шар ордны төв хаалга хүртэл зэвсэг бүхий гамин цэрэг хоёр талаар эгнэн зогсож Монголын тусгаар тогтнолыг устгаж, Монгол улсын хаан Богд эзэн нь Хятадын ерөнхийлөгчийн хөрөгт мөргөх жигшүүрт ёслол болж, үүнд дургүйцсэн ард түмэн Богдын ордны хаалган дээр мандуулсан Хятад улсын төрийн далбааг устгаж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна. Энэ талбай 1924 онд Богд хаан өөд болсон үеэс ач холбогдолгүй болжээ.
Харин Хүрээний өмнөх гол чөлөө нь Зүүн хүрээний төв дунд биш Хүрээ эргэдэг мөргөлийн замын гадна, зүүн хүрээний урд үүдний Данжуурын хүрдүүдийн урд талд оршиж байв. Энэхүү Гол чөлөөний хойд талд нь Зүүн хүрээ, зүүнтэй нь Амбан ханы хороо, урд талд нь Чойжин ламын сүм, баруунтай нь Дархан чин ван, Баатар ван, Бишрэлт гүнгийн хороодоор хүрээлэгдсэн өөрөөр хэлбэл, Монголын нийслэл Хүрээний хорооллуудын хооронд ямар нэгэн барилга байгууламжгүй, дундуур нь Богдын залрах зам өнгөрдгөөс өөр ямар ч зориулалтгүй, олон хороодын гол чөлөө газар байжээ. Тийм ч учраас эргэн тойронд нь байгаа хорооныхны хогоо асгадаг гол газар нь байв. Энэхүү Гол чөлөөний баруун хойно /одоо Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн байр байгаа дээр/ Түшээт ханыхны хог гэсэн нэртэй өндөрлөж овоолсон хогуудын хамгийн өндөр нь байсан гэдэг. 1921 оны долдугаар сарын 8-нд жанжин Сүхбаатар их цэргүүдтэйгээ Хиагтаас ирэхдээ Толгойтын давааны араас өглөө эртлэн мордож, морин шогшоогоор нийслэлд ирээд Зүүн хүрээний өмнөх гол чөлөөнд орж ирэхэд хүрээнийхэн баяр хөөр болж цай идээнийхээ дээжийг өргөн угтаж Монгол, Орос цэргүүд мориныхоо ам татацгаав. Энэ үед цэрэг, дарга нарын морьд шээжээ. Жанжны морь шээж байгааг харсан "Ясан толгой" Гаваа гэгч цэрэг "Бүх цэргийн жанжны морь шээхийг бодоход энэ газар тун их бэлгэ дэмбэрэлтэй газар юм даа" хэмээн бодоод орой нь Амбан ханы хороонд байгаа гэрээсээ дэлэм хэрийн урт төмөр гадас авчирч Д.Сүхбаатарын морь шээсэн газарт далд ортол шаагаад орхичихжээ. Агт морио дээдэлдэг Монгол хүн аян дайн, ав хомрог, өөд болоочийг хөдөөлүүлэх зэрэгт морь шээсэн газрыг маш их бэлгэшээн мориноос буух зан үйл үйлддэг байсан уламжлалыг ийнхүү дагажээ.
1921 оны долдугаар сарын 11-нд Хүрээний өмнөх гол чөлөөний зүүн өмнө этгээд, одоогийн Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөхөнтэй модон индэр байгуулж, эндээс ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс байгуулагдсаныг зарлаж, иргэдийн өргөн их цуглаан болж, цуглаан дээр Ерөнхий сайд Д.Бодоо нар үг хэлж, 1921 оны үндэсний хувьсгалын ялалтыг зарлан тунхаглаад цэргийн жагсаал үйлджээ. Энэ үеэс хүрээнийхэн Хүрээний өмнөх их чөлөөг "Индрийн талбай" хэмээн нэрлэх болсон байдаг. Индрийн талбайд энэ мэт хурал цуглаан болдог байсны нэг нь 1921 оны арванхоёр12-р сарын 23-нд болсон хөдөлмөрчдийн өргөн цуглаан юм. Энэ цуглаан дээр жанжин Д.Сүхбаатар нам, Ардын засгийн газраас эхнэр хүүхнүүдийн гэзэг үсийг хяргаж, үсний чимэглэл зүүлт зэргийг хүчээр хураасан явдлыг улстөрийн хортой алдаа хэмээн шүүмжилсэн байна. Дараа нь 1922 оны 7-р сарын 30-наас 8-р сарын 1-нд /хуучин тооллоор/ 1921 оны хувьсгалын ялалтыг зарлан тунхагласны нэгэн жилийн ойн баяр наадамд жанжин Д.Сүхбаатар цэргийн жагсаал хүлээн авах ажлыг гардан хийсний дээр сур харвах тэмцээнд 20 онож тэргүүн байр эзэлсэн тул "Гайхамшигт нэмэх, идэр мэргэн" цолоор шагнуулжээ.
Индрийн талбайг 1923-1924 оны үеэс Д.Сүхбаатарын нэрээр нэрлэх болжээ. Тэр үед Монголын нийслэлд гарч байсан "Известия Уланбатор хото" гэдэг сонины 1925 оны долдугаар сарын 15-ны 195 дугаарт "Монголчуудын уламжлал ёсоор Ардын хувьсгалынхаа дөрвөн жилийн ойн баярын жагсаалыг Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд хийлээ" гэж бичсэн байдаг.
1927 оны 7-р сарын 11-нд Д.Сүхбаатарын талбайн зүүн хойд хэсэгт Ардын цэнгэлдэх буюу "Бөмбөгөр оройт" театрын үйл ажиллагааны нээлт болсны дээр 1931 онд хувьсгалын 10 жилийн ойгоор Померанцовын зураг төслөөр театрын үүдний тус газар Д.Сүхбаатарын анхны хөшөөг байгуулжээ. Мөн 1929-1930 онд Хэвлэх үйлдвэр, В.И.Лениний нэрэмжит клуб, Засгийн газрын барилга /одоогийн Боловсролын их сургуулийн "А" байр/ анх хоёр давхар баригджээ. 1934 онд Радио, холбоо, 1936 онд МАХН-ын Төв хороо зэргийн томоохон барилгыг талбай тойруулан барьжээ. 1930-аад оны сүүлчээр хотын төвийг шинэчлэн байгуулах анхны зураг төлөвлөгөөгөөр талбайг тойрсон хуучин сүм дуган, хашаа байшингийн заримыг буулгах буюу сул чөлөөтэй талбарт тохилог шинэ барилгууд барихаар төлөвлөж талбайн урдуур анхны цардмал зам тавьсны дээр 1940 оны намраас эхлэн хотын төв цэцэрлэгийг байгуулсан байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын зүүнтэйх Ширхэнцэг уулын оройд 1921 оны зун жанжин Д.Сүхбаатар морьтойгоо гарч үг хэлсэн гэдэг домог ярианаас сэдэвлэн уран барималч С.Чоймболын бүтээсэн гинжин хайс бүхий хад чулууны орой дээрх морьтой Д.Сүхбаатарын хөшөөг 1946 онд чухам хаана босгохыг маршал Х.Чойбалсангаас асуужээ. Маршал 1921 оны 7-р сарын 8-нд тэмдэг тавьсан газар буй гэдгийг сонссон учир түүнийг олж Д.Сүхбаатарын шинэ хөшөөг тэнд босгох нь зүйтэй гэсэн хариу өгсөн аж. Олон хоног эрэл хийсний эцэст тэмдэгт газрыг олж тэнд хөшөөний суурь тавих ёслол болжээ. Х.Чойбалсан хөшөөний суурийн чулууг тавихдаа "1921 онд нөхөр Д.Сүхбаатар анх Зөвлөлт улсаас тусламжийг олоод өөрийн партизан цэргийг удирдан Зөвлөлт Холбоот Улсын хүчирхэг улаан армийн тусламжтайгаар Нийслэл хүрээг чөлөөлөн авсны дараа бидний зогсож байгаа энэ талбай дээр анх хурал хийж өөрөө үг хэлж байсан" хэмээжээ.
1945 онд Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны 31/27 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтын тухай төлөвлөгөөг батлав. Уг төлөвлөгөөний дагуу Сүхбаатарын талбайг шинэчлэн байгуулах ажлыг нийслэлийн иргэдийн өргөн субботникоор эхэлжээ.
1946 оны 6-р сарын 15-ны өдөр болсон тэр өргөн субботникт Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн удирдагчид, Зөвлөлтийн мэргэжилтэн, хотын олон мянган иргэд оролцож Төв театрын барилгын сууриас Д.Сүхбаатарын талбайд гурван цагийн дотор 6000 шоо метр шороо зөөн тэгшилжээ. Тийнхүү төв талбайг цардаж түүний дунд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг барьж босгосон юм.
1947 оны долдугаар сарын 8-нд Үндэсний ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан бүрэн цардаж тохижуулсан Д.Сүхбаатарын талбайг нээх ёслолыг /1921 онд индэр байгуулсан тэр газар улаан тууз хайчилж БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд гуай үг хэлсэн/ үйлдсэн бөгөөд хойтон жил нь 1947 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1931 онд босгосон Д.Сүхбаатарын хөшөөг Д.Сүхбаатарын талбайгаас тэр үеийн Офицерийн сургуулийн хичээлийн байрны өмнө шилжүүлжээ. Ийнхүү Д.Сүхбаатарын талбайг тохижуулах ажлыг маршал Х.Чойбалсан гардан удирдаж, эргэн тойрных нь хэмжээг өөрөө зааж өгсний дээр энэ талбайн хойморт төрийнхөө шинэ ордныг бариулж 1951 оноос үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрийн /шар/ орд Нийслэл хүрээний гол хэсэг болох Зүүн хүрээний төв дунд хан Богд, хатан Туул руу харуулсан байрлалтай байсан түүхэн уламжлалыг үндэслэн төрийнхөө шинэ ордныг одоогийн Монголын боловсролын их сургуулийн орчмоос нүүлгэн Д.Сүхбаатарын талбайн хойморт шилжүүлсэн билээ.
Түүхт энэ талбай нийслэл Улаанбаатар хотын шинэчлэн байгуулалтын бэлгэ тэмдэг болж түүнийг тойрсон Засгийн газрын ордон /1946-1951 он/, Улсын дуурь бүжгийн театр /1946-1949/, "Алтай" зочид буудал /1946-1948 он, одоогийн Улаанбаатар хотын захиргааны байр/, Элдэв-Очирын нэрэмжит кино театр /1946-1948 он, одоогийн Хөрөнгийн бирж/, Улсын нийтийн номын сан /1948-1951 он/, МҮЭ-ийн Төв зөвлөлийн ордон /1954-1955 он/ зэрэг томоохон барилгууд сүндэрлэн боссон билээ.
Монголд төдийгүй дэлхийд ганцхан тэг дөрвөлжин энэ талбай манай нийслэлийн нэг бахархал юм.
Г.Очбаяр

I'm reading: Дэлхийд ганцхан Жанжны талбайЦааш нь жиргэх!


Responses

1 Respones to "Дэлхийд ганцхан Жанжны талбай"

Anonymous said...

ene uheer uneen.delhiid gants shuu.daanch t1 hodoonii humuus ginjen deer ni suugaad bdiinmaa shal t1.hodoonii humuusiig yaah vee?


October 8, 2009 at 11:09 AM

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors