Гэр бүл бол аз жаргал, ирээдүй, эв нэгдлийн илэрхийлэл билээ.




Ингэж хуваалцах нь нэг гэрийн гишүүд өөр хоорондын хайр, нөхөрлөл, ахан дүүсийн холбоог илүү утга төгөлдөр болгож хүчирхэгжүүлдэг.
Гэр бүл бол аз жаргал, ирээдүй, эв нэгдлийн илэрхийлэл билээ. Бидний гэр бүл амар амгалангийн эхлэл болж, ёс заншил, уламжлалын боловсрол олгож, бие сэтгэлийн хэрэгцээг хангадаг таатай орчин нөхцөл билээ. Хайр, энэрэлээр дүүрэн, халуун дулаан гэр бүл гэдэг бол түүний гишүүдийн хувьд итгэл, урам зоригийн эх булаг байж амар амгалан, аз жаргал бэлэглэж улмаар хайр, харилцан итгэлцэл, хамтдаа байх эв санааны нэгдлийн гол болж байдаг.

Их ажилтай, стресстэй өдрийн орой хурдхан гэртээ, гэр бүлдээ очихыг хүсдэг өдрийг санаарай. Гэртээ харингуут тэр дарамт арилж, царай тань гэгээ татан тайвширч, ханийн тань, хүүхдүүдийн тань тан руу харах харц болон гэрийнхээ сайхан уур амьсгалыг мэдрэхийг хичээдэг. Бидний хэний маань ч үгүйсгэж үл чадах нэг үнэн бол гэр бүл зохиож, аз жаргалтай гэр бүлийн нэг гишүүн байх нь хорвоогийн хамгийн аз жаргал билээ.
Гэр бүлийн биологийн, нийгмийн, эдийн засгийн болон боловсролын гэсэн үйлчлэлүүд байдаг. Гэр бүлийн биологийн үүргийг ёс заншлын дагуу явагдах бэлгийн харилцаа төдийхнөөр төсөөлж болохгүй. Гэр бүлийн хамгийн чухал үүрэг, утга учир бол үр удмаа үлдээхээс гадна нийгэмд ач тустай хүмүүсийг өсгөж хүмүүжүүлэх явдал юм.
Гэр бүл оршин тогтнохын тулд суурь хэрэгцээгээ хангах эдийн засгийн хүчин чадалтай байх шаардлагатай байдаг. Гэхдээ үүний тулд ёс суртахуунгүй, хууль бус зүйл хийхгүй байх ёстой. Ууж идэх, өмсөж зүүх, байр, орон сууц, боловсрол, эрүүл мэнд зэрэг нь өнөөгийн нийгэмд бүрэн гүйцэд шийдэхэд хэцүү асуудал бөгөөд энэ бүгдийг гэрийн эзэн ганцаараа шийдвэрлэнэ гэдэг амаргүй. Хэрэгтэй үед нь эхнэр нөхөр, хүүхдүүд хамтдаа баг болж гэр бүлдээ хувь нэмрээ оруулах шаардлагатай. Алунгуа эхийн таван сумын сургаал болон өөр олон зүйр цэцэн үгийг санах хэрэгтэй. “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” зэрэг олон сайхан сургаал үгс байдаг билээ. Мөн “Аливаа хүний амьдралдаа гаргасан зарлагын дотроос хамгийн буянтай нь гэр бүлдээ зориулан зарцуулсан зарлага” гэсэн сургаал ч байдаг. Тиймээс аливаа нөөц баялгийг гэр бүлдээ зориулан зарцуулах хэрэгтэй байдаг. Олсноо архи тамхи, мөрийтэй тоглоомд зарцуулах нь нэг талаас нүгэл бөгөөд нөгөө талаас ийм хүмүүс гэр бүлээ хэдийд ч алдахад бэлэн байдаг.
Гэр бүл байнга хөгжих, өсөн дэвших хандлагатай байх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд өөр хоорондоо болон орчин тойронтойгоо хайр, энэрэл, өөдрөг үзлээр холбоо тогтоож өөрсдийгөө хөгжүүлэн, харилцаагаа сайжруулж байх хэрэгтэй. Гэр бүлийн аз жаргал нэмэгдэх нь гишүүдийн болон хамтын сэтгэл санааны тогтвортой, эрүүл байх нөхцөлийг улам сайжруулдаг. Хувь хүн төлөвших анхны орчин бол гэр бүл байдаг. Энэ үед хүүхэд ёс суртахуун, зан харилцаа, үнэнч шударга байдал зэргийг сурч эзэмшдэг.
Эцэг эх нь бие биедээ хайр, хүндлэлтэй ханддаг, хүүхдүүддээ хайр энэрэл, эв нэгдэлтэй ханддаг гэр бүлд өссөн хүүхэд сэтгэл санааны хувьд тогтвортой, эрүүл бойждог. Гэр бүл гэдэг бол хайрлах, хайрлуулах, хүндлэх зэрэг мэдрэмжүүдийг хамгийн сайнаар хүлээн авч, хариу барьж байдаг орчин билээ.
Амьтдын ертөнцөд ч ялгаагүй “гэр бүл”-ийн үүрэг их байдаг. Дөнгөж төрсөн үр зулзага амьд үлдэхийн тулд тэдний эцэг эхийн хамгаалал хэрэгтэй. Шувуудын өндөг, ангаахай болоход арслангийн гүег анд суралцах, энэ бүхэн амар амгалан өсөж өндийхийн тулд “гэр бүл” хэрэгтэй. Анаашийн гэр бүл эвтэй хүчтэй байдаг тул тэд оршиж байдаг. Тэгэхээр гэр бүл гэдэг нэг цул хүчийг бий болгодог байна.


Гэр бүлд дагаж мөрдөх дүрмүүд
1. Ахмад настандаа хүндэтгэлтэй, хүүхдүүддээ хайр, энэрэлээр дүүрэн хандах хэрэгтэй. Ингэснээр гэр бүлийн гишүүн бүр өөрийгөө чухал, бөгөөд эрхэм гэдгийг мэдэрч бусдад мөн адил ингэж ханддаг.
2. Гэр бүлийн гишүүдийн аливааг хуваалцах нь дотно холбоог бий болгодог. Жаргал зовлонгоо хуваалцах нь гэр бүлийнхний өөр хоорондын хайр, нөхөрлөл, ахан дүүсийн холбоог илүү утга төгөлдөр болгож хүчирхэгжүүлдэг. Эцэг эхийн хоорондын болон хүүхдүүдээ оролцуулсан үйл нь гэр бүл гэдэг ямар утга учиртай болохыг ойлгуулж гэр бүлээ хайрлах, хүндлэх мэдрэмж төрүүлдэг.
3. Гэр бүл аз жаргалтай байхын тулд зорилготой байж ямар нэг материаллаг гачигдал, зовлонг бага тоочих хэрэгтэй.
4. Гэр бүлийн гишүүдийн ёс суртахууныг байнга дээшлүүлж байвал тэд үргэлж өөдрөг, өнгөтэй явдаг.
Амар амгалан гэр бүл оршин тогтнох хамгийн гол үндэс бол эрх, үүргийн тэнцвэр билээ. Эрхийг чухалчилдаггүй, хариуцлагыг тоомсорлодоггүй гэр бүлүүд байнга нурах, бутрах аюултай. Одоо унших өгүүллэгээс та бүхнийг өөрсдөөсөө ямар нэг зүйл олж харах байх гэж найдаж байна.
Түүнийг авьяаслаг зураач гэдгийг бүгд зөвшөөрдөг боловч зураачид өөрт нь, би өөрийгөө хожим дурсуулах тийм хосгүй бүтээлээ туурвиагүй гэсэн бодол эргэлдсээр байдаг байжээ.
Тэгээд хамгийн сайхан зүйлийг зурахаар шийдсэн боловч чухам юу хамгийн сайхан гоц болохыг мэдэж чадсангүй. Ингээд энэ тухай бодох болон алхаж яваад нэгэн настантай дайралдаад хорвоогийн хамгийн сайхан зүйл юу болохыг хэлж өгөөч гэж гуйв.
Настан, чиний хайж байгаа тэр сайхан аль ч сүм хийдээс олдоно гэжээ. Зураач цаашаа явж байтал хуримын ордноос хос залуус гарч ирээд үзэсгэлэнт бүсгүй залуугийнхаа гараас хөтлөн гартаа барьсан сайхан цэцгийг байн байн үнэрлэж байхад нь –таны бодлоор хорвоогийн хамгийн сайхан зүйл юу вэ гэж зураач асуухад бүсгүй Дурлал гээд, Дурлал ядууг баян, өвчтэйг эрүүл, өчүүхнийг агуу болгодог гэж хариулав. Зураач дээрх 2 хариултыг эргэцүүлж цааш алхаж явтал нэг цэрэгтэй дайралдаж мөнөөх асуултаа асуужээ. Цэрэг эр бодож тулгамдалгүй хорвоогийн хамгийн сайхан зүйл бол энх тайван, амар амгалан, хамгийн муухай нь дайн. Хаана энх тайван байна тэндээс хамгийн сайхныг харж болно гэжээ. Зураачийн олж авсан хариултууд бүр бодолд орууллаа. Итгэл үнэмшил, хайр сэтгэл, энх тайван. Энэ бүхнийг яаж зурж илэрхийлэх вэ? гэж бодсоор гэртээ ирлээ. Хаалга онгойн гэртээ орох тэр агшинд хорвоогийн хамгийн сайхныг мэдэрлээ. Ааваа! гэсээр гүйж ирээд тэвэрсэн хүүгийнхээ харцнаас Итгэлийг, сайн явж ирэв үү? гэж угтах ханийхаа харцнаас Дурлалыг, гэртээ ороод цэргийн хэлсэн Амар амгаланг мэдрэв. Зураач шууд урландаа ороод түүний хамгийн алдартай бүтээл болох /Миний халуун ам бүл/ гэдэг бүтээлээ туурвижээ.
I'm reading: Гэр бүл бол аз жаргал, ирээдүй, эв нэгдлийн илэрхийлэл билээ.Цааш нь жиргэх!


Responses

0 Respones to "Гэр бүл бол аз жаргал, ирээдүй, эв нэгдлийн илэрхийлэл билээ."

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. .
Хүндэтгэсэн: Hotula

 

Сүүлд нэмэгдсэн мэдээлэл

Дээш очих Copyright © 2010 | Platinum Theme Converted into Blogger Template by HackTutors