
ЦАГААН САРЫГ ТОХИОЛДУУЛАН БУРХАНЫ ШАШНЫ
СҮМ ХИЙДИЙН ТЭРГҮҮН НАРЫГ ХҮЛЭЭН АВСАН
УУЛЗАЛТ ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Н.БАГАБАНДИЙН ХЭЛСЭН ҮГ
СҮМ ХИЙДИЙН ТЭРГҮҮН НАРЫГ ХҮЛЭЭН АВСАН
УУЛЗАЛТ ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Н.БАГАБАНДИЙН ХЭЛСЭН ҮГ
2005 оны хоёрдугаар сарын 04.
Сар шинийн өмнөх уламжлалт уулзалтандаа морилон ирсэн номын авшигт, буяны садан Та бүхнийхээ амрыг айлтгая.
Эцэг тэнгэр нараа наашлаан, эх дэлхий үндэс төлжөөн, шим ертөнцийн түмэн бодис дэлгэрэх урин цагийн эхлэл Цагаан сарын их баяраа Монгол түмэн сүсэг бэлгэ дүүрэн угтаж байна.
Цагаан сар бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг нэгэн агшинд хураан цогцлоож, төр, шашин, иргэний гурван их төрлийн зан үйл, заншил ёсыг нэгтгэн нийтгэж, эрхэмлэл, хүндэтгэл, ёслол гурван чухлыг шүтүүлэн сүлэлдүүлж, эцэг дээдэс, энэ үе, ирээдүй хойчийн амин хэлхээг бататган мэдрүүлж, үндэстний нэгдмэл чанар, улсын тусгаар оршихуй, бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн, уламжлал шинэчлэл хосолсон төгөлдөр их баяр.
Энэ баярын өдрүүдэд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэхүйн гүн утга, түмэн олныхоо тусын тулд гэх төр шашны зорилгын нэгдмэл чанар, тод илэрдэг. Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх сайн учрал бүрдмэл шидийн барилдлагат энэ өдөр Цагаан сарын угтал болгон Та бүхнийг Төрийн ордондоо урин залж жилийн өнгө, шашны хэргийг хэлэлцэх гэж буй нь үүний тулд болой.
“Наран гэтэлгэгч” хэмээх хөх бичин жил настанд ивээлтэй, нялхаст ээлтэй байж, монгол түмний хишиг буян мал сүрэг өсөж, тариа будаа арвидаж, эдийн засаг, улсын сан нэмэгдэж, бүтээн байгуулалт, бүтээл туурвил арвинтай номын мэргэд хүндлэлтэй нуруу тэгш өндөрлөж байна.
Ирж байгаа “газар тэтгэгч” тахиа жилд “…хур элбэг, жимст мод, тариа төмс дэлгэр юу.”, “өег цатгалан болж орон зүгийн хүмүүн нүгүүд амгалан жаргалантай болмуй.” хэмээн номын мэргэдийн эртний зарлигт айлдсан буй.
Хүн төрөлхтөний амгалан жаргалангийн эх үндэс нь бэлгэ ерөөлийн учрал тохиолын зэрэгцээ хүмүүн бүрийн сэтгэл, үйлийн ариун явдалд орших билээ.
Олохуй бэрх эрхэм төрөлт хүмүүн бодгалийн бие хэл сэтгэлийг ариусгаж, билиг оюун, ухаан сэтгэхүйг гэгээрүүлэн, явдал үйл, зам мөрийг тэгшитгэн засахуйд номын шашны тус эрдэм нэн чухалаа.
Иймийн тул шашин номын үйлд бие сэтгэлээ өргөн, сүсэг өглөгийн эздэд үйлчлэх сүм хийдийн үйл ажлыг эрхлэн удирдаж буй та бүхэнд шашны хэргийн өнөө ба хойшдын асуудлаар санаа бодлоо илэрхийлье.
Шүтэх бишрэх эрх өргөн дэлгэр, чөлөөтэй болох ханш нээгдэн, хийд орон, хурал ном сэргэж, шинэ цагт монгол орноо бурханы шашны сайн үйл дэлгэрэхийн эхлэл болсон цагаан морин жилээс хойш эдүгээ 15 жил улиран оджээ.
Энэ хугацаанд сүм дуган, хийд орон олноор сэргэж, санваар сахилтны тоо нэмэгдэж, хурал номын үйл ажил тогтмолжиж, хүн зоны сүсэг итгэлийн гал дэгжин бадарч Бурханы шашин өнгө төрхөндөө орлоо. Энэ бүхэнд та бүхний сэтгэл, зүтгэл, тус нэмэр тун арвиныг би талархан тэмдэглэж байна. Хойшид ч тийм байх болтугай.
Сүүлийн найман жилд би Төрийн тэргүүнийхээ хувьд үндэснийхээ түүх уламжлал, шашин соёлоо дээдлэн дэлгэрүүлэх, хөгжүүлэн баяжуулахын төлөөнөө бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг захирамж гарган, уриалга илгээлт үйлдэн, иргэд олныхоо санаа зориг, сэтгэлийн жолоог энэ зүгт чиглүүлэн залахыг эрмэлзэн ажиллалаа.
Миний хэлсэн ярьсан, та нарын хийсэн бүтээсэн түүх болон үлдэж, цагийн шалгуураар тунгаан шүүгдэх болно.
Учрах чөлөө бүрдсэн энэ завшаанд би өмнөх жилүүдэд ярьснаа хойшид санасантайгаа нийтгэн хэлхэж Бурханы шашнаа хөгжүүлэх тухай бодол, саналаа хэлье, болгоож Та бүхэн тунгаагаарай, бодитой агаад тустай аваас үйлдэж мөрдөөрэй.
Нэг.Шашин номын үйл сэргэж тогтох нь сайн хэрэг, харин түүнийг ариунаар үйлдэж, хөгжөөн дэвжээх нь бүр чухаг агаад эрхэм дээдийн үйл. Бурханы шашны хөгжил эдүгээ монгол оронд умартсаныг сануулж, унтарсныг сэргэх үеэ туулж, бүтээх туурвих, номлох үйлдэх шинэ шатандаа оржээ. Энэ л үед цалгардал хэтийдэл, манайрхал хүнийрхэл, талцал толхилцол гарваас ариун ном, дээдийн шашны үйлд халтай болно. Аливаа үйлийн тотгор саад дотоод гадаад олон шалтгаантай ч хамгийн аюул дотроосоо буй гэх Гэгээрсэн Бурханы айлдлыг ямагт санаж үйлдвэл зохиолтой.
Шашин ариун байх нь нийгэм ариусахын үүд. Бурханы шашны номлол нь үнэн, суртахуун нь дээдийн, ёс нь ариун буйд хүний сэтгэлийг эзэмдэх, сүсгийг татах хүч, шид увидас оршдог хэмээдэг.
Хоёр.Шашны нэр хүнд, сүр хүч нь номын чанартаа буй. Бурханы шашны уг чанар нь мухар сүсэг бус гэгээрсэн сэтгэл болой. Иймийн тул Бурханы номын гүн утгыг дэлгэр тайлбарла, мухар сүсгийн адис, муу сэтгэлийн өргөлөөс татгалз. Бурханы сургаал, тэнгэрийн ёс, улсын хууль, үйлийн үрийн учир шалтгааныг олон хүмүүний оюуны сав хэмжээ, төрөлхийтний төрөл бүрд таацуулан одоо цагийн эрхээр үйлдэж, сохроор сүслэх дагах биш шалгадаг ухаанаар мэдэж үйлдэхэд олныг хөтөл.
Номыг шүтэх дээдлэх гэдэг ном хэмээх бодтод мөргөж, шүтэж, тахиж залж дээдлэхийн сацуу номын утгад суралцаж, номын ухаанд гэгээрч, номын ёсоор хэлж үйлдэх, хийж бүтээхийг хэлмү.
Номт хуврагууд олныг төрүүлэгтүн.
Гурав.Шашин ариунаар хөгжихийн нэгээхэн учиг нь сүм хийдийн үйл ажиллагаанд бий. Хийд орон бол хэл ам, хилэнц нүгэлээс ангид, орсон хүн ухаан цэлмэж, сэтгэл ариусах, чин сүсэг, гүн бясалгал төрөх ариун дагшин газар байгууштай. Орон хийд, дуган сүмийн тоо цөөдөөгүй байна. Орчин цагийн соёл, боловсон иргэний сэтгэлд нийцэж, сүсгийг татахуйц сэтгэл шингэсэн үйлчилгээ, үзэмж төгс ариун орчин, үнэн бат ёс журамтай нь аль хэр олон бэ? Олз горилсон, орлого хөөсөн орон хийд нь түр ашиг оловч, үүрд оршихын үндэсгүй.
Сүм хийдийн тэргүүнүүдийн зан суртахууны үлгэрлэл, цэгцтэй бодлого, зөв удирдлага, ажлын эв, аливаа бүхэн энд бас чухал.
“Шашныг эвдэгчин шашныг бариад, төрийг самууруулагчид төрийг авбаас ертөнцийн зовлон ихдэх”, “Төрийг эвдэн, шашныг сэвтээхийн гэм унал их” гэх эндэл ослоос сэргэмжлүүлэн захисан эртний мэргэдийн гэрээслэлийг хэн хэн нь сэтгэлийн гүндээ ямагт шингээгүүштэй.
Дөрөв.Шашин дэлгэрэхэд чухаг дээд гурвын нэгэн хуудуугүй явдалт хуврагийн үүрэг нэн чухал. Хувраг дор мөргөмү гэх хуучны ёс үүний гэрч. Хуврагийн явдал дотроос шагшаабадыг эрхэмлэж, санваар сахилыг баримтлах нь нэн эрхэм. Санваар сахидаггүй ламаас сүсэг ихтэй жир иргэн дээр гэх үг ч бий.
Өнөөгийн лам санваартнууд ёс суртахууны үлгэрлэгчид байвал зохино. Уур хилэн, урин мунхаг, унал шунал гэх дотоод сэтгэлийн гурван хорлолоос өөрсдөө ангижирч, өрөөлийн зөв үйлд тос нэмж, буруу үйлд хаалт болж, бусдыг буяны ариун зам мөрт хөтлөх нь бурханы хуврагийн андгай тангараг. Үүнийг шавь нартаа үргэлж сануулж бай.
Тав.Хувраг хүн санваар сахилаас гадна энэрэх, нигүүлсэхүйн сэтгэлээр дүүрэн байх учиртай. Энэрэхүй сэтгэл дутмаг бөгөөс буяны үр боловсрох нь бага. Өршөөл нигүүсэл, хайр энэрэл, хүний мөс нимгэрсэн энэ цагийн гэмийг арилгахад ариун явдалт хуврагуудын үүрэг их байна.
Гэхдээ энэ бол бурууд чих дүлий, мууд нүдэн балай, шудрага бусыг тэвчин өнгөрөө гэсэн хэрэг бус. Энэрэл, нигүүсэл нь үнэн ба шудрага ариун явдалд нийцэх авч буруу үйлээс бусдыг аврахын сэтгэлээр бас илэрнэ.
Өөрийн тусд бус өрөөлийн тусд бие сэтгэлээ өргөж, ямагт нийтэд тустайг хэлж, нийгэмд хэрэгтэй сэдэж, биеэр үлгэрлэх, бусдыг дагуулахын жишээг та бүгдээс, та нарын залгамж шавь нараас нийгэм олон хүлээсээр харсаар байх болно.
Зургаа.Санваартан хуврагууд шашны болоод иргэний эрдэмд төгс боловсорч, номын гэгээн гэрлээр нийгэм олноо ариусгалтай. Шашны боловсрол чухал авч иргэний мэдлэгээр эс сэлбэгдвэл өрөөсгөл дутмаг.
Монголын номт хутагтууд хийгээд өнөө цагийн эрдэм чадалт лам нар цөм л шашин иргэний боловсролд тэгш суралцсан, саруул ухаант номын мэргэд билээ. Зул ганц боловч гэр доторхийг гэрэлтүүлэх лүгээ номт хувраг нэг байсан ч олон хүнийг сэхээрүүлнэ.
Өнөө цагийн хуврагууд Бурханы шашны гурван их аймаг савын болоод их, бага арван ухааны эш, онолын номд нэвтэрхий байхаас гадна орчин цагийн шинжлэх ухаан, мэдээлэл технологийн мэдлэг эрдэмд хичээн шамдалтай. Эрдэмт хүмүүн төрд хэрэгтэй, номт хувраг шашинд тустай.
Долоо.Шашин хийгээд шашинтны нийгмийн үүрэг нь хүний төлөө үйлчлэхэд оршимой. Ийм л шашныг төр хүндэтгэнэ, дэмжинэ, хамтран ажиллана.
Бурханы шашныг дэмжиж ажиллахыг эрмэлзсэн миний зорилго ч энэ. Буруу үзэл, бусармаг явдлаас энэ нийгмийг ангижруулах, ёс суртахууны доройтлоос аварч, бие хэл сэтгэлийн гэмээ таних ухаарлын үрийг хүмүүсийн сэтгэлд үрслүүлж, ард түмний ариун ёсон, дээдсийн номын гүн утгаар хүн ардыг сэхээрүүлэхэд л Монголын Бурханы шашин хийгээд шашинтнуудын одоо ба цаашдын эрхэм зорилго оршино хэмээн би үзэж байна.
Хүүхэд залуучуудыг сургах, хүмүүжүүлэх, хүн болж төлөвшихөд буддизмын баялаг уламжлалын бүхий л боломжийг дүүрэн ашиглаж ажиллахыг сануулъя.
Найм.Төрөөс Бурханы шашинд даатгаж буй олон зүйлийн нэг бол байгаль дэлхий, эх нутгаа хайрлан хамгаалах, зөв зохистой харьцах үзэл ёсыг нийгэмд түгээх үүрэг юм.
Бидний оршихуйн эх үндэс болсон байгаль орчны асуудал өнөөдөр үнэхээр сэтгэл зовоосон асуудлын нэг. Би олон удаа ярьж сануулж байгаа. Уул овоогоо тахиж тайх уламжлалт ёс заншлыг сэргээсэн зарлигуудаа гаргалаа.
Сав ертөнцийн эвдрэл, шим ертөнцийн туйлдал эцсийн эцэст хүний буруутай үйлдлээр нөхцөлдөж буй. Иймээс байгаль хамгаалах нь түүнийг хүний шунал, сүйтгэлээс хамгаалахад оршимуй. Хүний шунал сэдэл, ухвар мөчид үйлдлийн гэмийг арилгах ерөндөг нь шашны номлол сургаал, ёс заншилд арвин бий.
Ес.Монголын ард түмэн бид төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хөгжүүлэхийг нэг эрхэм зорилго болгоно хэмээн Үндсэн хуулийнхаа оршилд тунхагласан.
Тийм нандигнан өвлөх зүйлийн нэг нь ард түмний ариун ёсон болсон бурханы шашны уламжлал заншил.
Улс үндэстэн оршин тогтох, нийгмийн нэгдлийг хангах, улс гэрийн тусгаар байдлын тулгын чулуу, тулах баганы нэг болсон энэ эрхэм ёс заншлыг бататган тэтгэвээс үндэсний сүлд ухамсар, сүсэг оюун сэргэн мандана хэмээн би итгэнэ.
Иймийн тул та бүхэн шашин номоо цэвэр ариунаар хөгжүүлэн бадраах нь гэм бүхнээ бүрэн арилгаж, эрдэм бүгдийг төгсгөн туулсан Бурхан багшийнхаа өмнө төдийгүй эх орон, үндэстнийхээ өмнө хүлээсэн онцгой үүрэг хариуцлага болохыг сануулъя.
Ерөөл хүслийн бэлгэдэл есөн цацлаар би санаагаа товч илэрхийллээ.
Судар тарнийн шашны дээдийн номын хурыг ивэлгэгч, сүүн сэтгэлт монгол түмнийхээ сүсэг итгэлийн оньсыг атгагч санваартан хувраг, настан буурлууд та бүхэндээ сар шинэдээ сайхан шинэлж, түмэн өлзий, түгээмэл учрал, төвшин баяр, төгс жаргалын ерөөл дэвшүүлье.
Төр түвшин, түмэн амгалан, шашин ариунаар орших болтугай.
