
Өнөөдөр нарны бүтэн хиртэлт болно. Нар хиртэлт хэр удаан үргэлжлэх, нийслэлд харагдах эсэх талаар ШУА-ийн Одон орон геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Батмөнхөөс дараахь тодруулгыг авлаа.
Өнөөдөр тохиох нарны бүтэн хиртэлт нь Канад улсын нутаг дэвсгэрээс эхлэн Гринланд, Орос, Монгол Улсын газар нутгийг дайран Хятад Улсын нутагт төгсөх юм байна. Манай орны хувьд нарны бүтэн хиртэлтийн гол шугам Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрнө. Гэхдээ манай орны бүх нутаг дэвсгэрт нарны хагас хиртэлт 80-аас дээш хувьтайгаар ажиглагдана гэсэн. Эдгээр сумдын хувьд хагас хиртэлт дунджаар Улаанбаатарын цагаар 17 цаг 55 минутаас 20 цаг хүртэл үргэлжилнэ. Нарны бүтэн хиртэлт хамгийн удаан үргэлжлэх сумууд бол Баян-Өлгий аймгийн Булган, Алтай, Буянт, Ховд аймгийн Үенч, Булган, Алтай зэрэг юм. Энэ үед Нарны өндөр 22 ч 26 хэм байх ба бүтэн хиртэлт 2 минут 03 секундээс хоёр минут 11секундын хугацаанд үргэлжлэх тул ажиглалт хийх бүрэн боломжтой юм байна.
Манай орныг дайран өнгөрөх нарны бүтэн хиртэлтийн бүсийн өргөн нь ойролцоогоор 250 км байх ажээ.
Нарны хиртэлт гэдэг одон орны нэгэн сонирхолтой үзэгдэл нь сарны хавтгай нарыг халхласнаар конус маягийн сүүдэр дэлхийн гадаргуутай огтолцсоноор үүснэ. Нар, сарны үзэгдэх өнцгөн диаметр ойролцоо байдаг. Дэлхий ба сарны тойрог замын хавтгайнууд хоорондоо бага өнцөг үүсгэдэг зэрэг нь энэхүү үзэгдэл тогтмол ажиглагдаж байх үндсэн нөхцөл нь болдог байна.
Сар нь дэлхийг зуйван тойрог замаар тойрно. Иймд сар дэлхийд ойртсон үед нь тохиолдох нарны хиртэлт бүтэн, холдсон үед нь цагирган хиртэлтүүд болдог. Зарим тохиолдолд нэг удаагийн хиртэлтийн явцад энэ хоёр хиртэлт цувран тохиох ч байдаг аж. Дэлхий ба сарны явдал нь тодорхой үет хөдөлгөөн учир нарны хиртэлт нь мөн ийм давтагдах чанартай байдаг. Ихэнхдээ нэг жилд бүтэн ба цагирган хиртэлтүүд, зарим тохиолдолд хэд хэдэн хиртэлтүүд тохиох боловч тухайн газар нутагт давтагдах нь ховор байдаг.
Нарны бүтэн хиртэлтийн үед нарны агаар мандлын хамгийн гадна талын давхарга болох титэм тод ялгаран харагддаг. Нарны титэм сул эрчимтэй цацраг гаргадаг тул энгийн үед нарны гэрэлт мандлын гэрэлд дарагдан харагддаггүй юм. Иймд нарны бүтэн хиртэлтийн үед тогтмол явуулдаг нэгэн судалгаа бол титэмийн бүтэц, физик шинж чанарыг тодорхойлох явдал байдаг.
Дашрамд сонирхуулахад, манай орны нутаг дэвсгэрт 1997 оны гуравдугаар сарын 9-нд нарны бүтэн хиртэлт болсон бөгөөд дараагийн бүтэн хиртэлт манай орны нутаг дэвсгэрээр 55 жилийн дараа буюу 2063 оны наймдугаар сарын 24-нд дайрч өнгөрнө хэмээн эрдэмтэд тооцжээ.
Д.Оюунтуяа
Эх сурвалж http://news.gogo.mn/r/36262

Responses
0 Respones to "Нар бүтэн хиртэнэ"
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно. . Хүндэтгэсэн: Hotula