Япончууд уламжлалт хоол зуушаа бэлтгэхдээ маш няхуур нямбай ханддаг. Хүнсэндээ цагаан будаа, олон төрлийн хүнсний ногоог их хэрэглэх бөгөөд шөлөнд загас, мах, шар буурцагны нухаш, даршилсан ногоог түлхүү оруулдаг. Аль ч улиралд хэрэглэдэг зүйлийн нэг нь буурцагны цуу юм. Далайн хатаасан замгийг гол төлөв цагаан будааны хачиртай иддэг. Загасны махны амттай ижил амттай хатаасан замгаар цагаан будаагаа ороож иддэг. Нарийн хэрчиж, шарж хатаасан замаг нь нэн амттай.
Япон үндэстний хоол, хооллох дэгээс дурьдвал:
Гоймонтой хоол. - Соба хэмээх гоймонг-“сагаг” будааны гурил, өндөгний цагаан зэргийг зуурч хийдэг. Гурил зуурч, нарийн хэрчсэн “үдон” гоймонг халуун шөлөнд хийх буюу чанангуут хүйтэн усанд хөргөөд шөлөндөө хольж иднэ.
Вагаши. - цагаан будаа буюу улаан буудайн цардуул, чихэр, азүки-вандуй зэрэг зүйлүүдээр хийдэг япон үндэсний боов юм. Янз бүрийн гоё хэлбэр, өнгөтэй хийдэг нь тухайн улирлын өнгө төрхийг санагдуулна.
Нигиризүши. -Аманд багтах хэмжээний цагаан будаан дээр тавьсан далайн амьтныг васаби хэмээх Японы халуун ногоогоор амталсан хоол юм. Япон цуунд дүрж иднэ. Ихэвчлэн сүши зоогийн газар хийдэг.
Хооллох дэг
Японд их төлөв дангаар өгдөг цагаан будааг савхаар идэх ба харин чанамал жимсний хольж өгвөл сэрээ, шингэн чанаж агшаамал маягаар өгвөл халбагаар иддэг.
Тэдний хамгийн хүндтэй зочиндоо барьдаг холны нэг бол ногоон тунхуугаар хачирласан түүхий загасны нимгэн зүссэн хэрчмэл юм. Зарим түүхий загасны хэрчмэлийг чамин байдлаар овоолсон цуутай цагаан будаан дээр зассан байдаг.
Япон хоолны ширээнд зүүн гар талд шөлтэй аяга, өмнө нь савх тавиастай байдаг. Япончууд хүүхдүүдээ бага наснаас нь эхлэн баруун гараар нь савх бариулж сургадаг. Зүүн гараараа будаа эсвэл шөлтэй аягаа барьж иддэг. Шөлийг аяганаас нь шууд ууна.
Хэрчсэн гурилтай хоол нь Японд их түгээмэл. Заримдаа түүнийг цагаан будааны оронд хэрэглэдэг. Гурилтай халуун шөлийг ихэвчлэн том аяганд хийж, дээрээс нь ногоо, загас, төрөл бүрийн мах нэмж иддэг. Харин зуны бүгчим халуун өдөр цуутай гурил, хүйтэн хоол нь үдийн сайхан зоог болно. Япончуудын хамгийн дуртай ундаа бол ногоон цай юм. Ногоон цайг дангаар нь халуунаар нь уудаг.
Солонгос үндэстний хоол
Солонгос хоол, гал тогоо олон шинжээр хятадтай ойролцоо юм. Их төлөв гахай, шувуу, загасны мах иддэг. Хүнсний хэрэглээнд цагаан будаа, шар буурцаг, өндөг, хүнсний төрөл бүрийн ногоо, далайн бүтээгдэхүүн тодорхой байр эзэлнэ. Хоол амтлахад олон төрлийн ааг амттан, халуун ногоог ашигладаг.
Солонгост төдийгүй одоо манай монголд ч алдартай хоол амтлагч бол кимчи юм. Кимчиг (нэгэн төрлийн цагаан байцаа) таллан хувааж савх байдлаар нарийн хэрчинэ. Хэрчсэн кимчийг давсалж, 2-3 цаг байлгаад, жижиглэж хөшиглөсөн бөөрөнхий сонгино, сармисыг нунтаг улаан чинжүүтэй холино. Давсалсан кимчийг шаазан буюу вааран саванд шилжүүлэн хийж, бэлтгэсэн сонгино, сармис, улаан чинжүүний холимгоор амталж найруулаад 2-3 хоног дарж бэлэн болгоно.
Хэрэв кимчийг бэлдсэн өдөрт нь зочдод өгөх бол цуу бага зэрэг нэмж хийнэ. Кимчи бол хоолонд амт, өнгө үзэмж нэмдэг, олон төрлийн витамин, минералуудаар баялаг бүтээгдхүүн юм. Барууныхны өргөн хэрэглэдэг Солонгос хоол бол” галби”, “булгоги” юм. Галби гэж үхрийн махыг нүүрсний галаар шарж болгосон хоолыг нэрлэдэг. Бас ”бибимбап””доежанжийгүү “, ”самгиетан”зэрэг хоол нэлээн түгээмэл билээ.
Хооллох дэг
Солонгосчууд савх барина, хоолондоо сүмс, цуу их хэрэглэнэ. Сүмс болон цууг савласан савнаас нь хоолны махан дээр шууд дусааж хэрэглэх ба ногоон дээр дусаадаггүй. Аяга, тавган дахь сүмс, цууны үлдэгдлийг талх, гурилан бүтээгдхүүнээр арчиж авдаггүй.
Хятад үндэстний хоол
Хятадуудын хоолны нэр төрөл маш олон, технологийн хувьд нарийн, дэлхийд хамгийн олон жортой үндэстэн юм.
Хятадууд хоолоо бараг чанадаггүй, уур, усанд бага зэрэг жигнэх, тосонд шарах зэргээр болгодог. Хүнсэндээ голчлон гахай, шувууны мах, шинэ болон нөөшилсөн хүнсний ногоо, өндөг, загас, цагаан будаа зэргийг хэрэглэдэг.
Тэд хоолондоо үйсүү, хуажуу, цагаан гаа, сармис, сонгино, шанцай, лиш, шар буурцгийн сүмс, нухаш, гүнжидийн нухаш (жан) зэрэг ааг амттан, халуун ногоог өргөн хэрэглэнэ.
Хятадууд нэгэнт бэлэн болгосон хоолоороо зочдоо маш түргэн хугацаанд, тэр дор нь үйлчилдэг. Ер нь хятад хоолны ширээ маш баялаг . Тэд аливаа хоолны махыг ширхгийн дагуу нимгэн хавтгай зүсэж, ургамлын тосонд хийж өнгө борлуулдаг нь хоол амттай, түргэн болох нөхцлийг бүрдүүлнэ.
Өдрийн хоолонд шөлтэй хоолыг хамгийн эцэст нь өгч шөлтэй хоол идсэнээр зоог өндөрлөнө. Хятадууд жимсний ус, ундаа их хэрэглэнэ. Тэд хар талх хэрэглэж заншаагүй бараг иддэггүй. Талхны оронд мантуу хэрэглэдэг, өглөө, үд, оройд ногоон цай уудаг.
Хооллох дэг
Ногооны төрөл бүрийн шанцай, пүнтүүз, байцааны холимог шанцай, махан зууш, өнгөт болон цагаан байцааны шанцай, шар буурцгийн сүмстэй шинэ улаан лооль, өргөст хэмхийн, хүрэн манжингийн шанцай, хавч, далайн сам хорхой буюу тэдгээрээр хийсэн шанцай, гахайн утсан мах, төрөл бүрийн хиам, шарсан, чанасан тахианы мах, махны ороомог, тахианы махны царцаамал зэрэг зуушаар ширээгээ чимдэг. Хуйцай, байцаатай шөл, махны болон загасны аагтай хурц шөл, тахианы махтай гурилтай хоол гэх мэтийн шөлтөй хоол хэрэглэдэг.
Хоёрдугаар хоол гэвэл цуйван, ногооны хачиртай шарсан тахиа, цагаан будаан хачиртай гахайн махан шорлог, байцаан хачиртай гахайн шарсан мах, хуушуур, банш, ногооны цуглуулга, гахайн махтай шарсан өндөг зэрэг бөгөөд амтлаг зуушны хувьд шинэ болон нөөшилсөн жимс, шийгуа, жимсний чанамал, зайрмаг, зөөлөн чихэртэй болон жигнэмэг дагуулсан хар цай зэрэг болно.
Шөлтөй хоолыг Хятадууд их төлөв ваартай өгдөг гараар барин ууж болно. Манжинтай шанцай болон бусад төрлийн зуушийг хятад зоогийн газарт савхаар идэх бөгөөд банш, хачиртай гахайн махан шорлог зэргийг сүмс болон цуунд дүрэн зооглодог.
Төрөл: Хоол хүнс Цааш нь жиргэх!